Сэтгэгдэл

Интернет хөгжихийн хэрээр хүмүүс дэлхийн хамгийн халуун хэсгүүдэд болж буй үйл явдлуудтай хөл зэрэгцэн хором мөч алдалгүй мэдээлэл авч цэнэглэгдсээр. Энэ бол маш сайн хэрэг. Үүнийг л Билл Гейтс номондоо “Мэдээллийн хувьсгал” гэж нэрлэсэн юм. Мэдээлэл бол хүний байнгын хэрэгцээ. Ус, агаар, хоол хүнсний дараагаар орох боловч магадгүй үр өгөөжөөрөө урд нь гарна уу гэхээс хоцроод лав байхгүй. Мэдээллийн хурд маш өндөр болсон энэ үед бид хамтаараа зэрэгцэн өөрчлөгдөж, шинэчлэгдэж заримдаа тархиа нэг сайн угаалгаж, өөрт өгөгдсөн ойлголтоороо шүүн тунгаасаар яваа. Мэдээж хүн бүр өөрийн гэсэн өнцгөөс харж, түүгээрээ олдсон мэдээллээ боловсруулж байгаа. Яаж ойлгох, яаж харах, яаж шингээх нь ч гэсэн тэр хүний л эрх. Мэдээлэл бол хүний эрх чөлөөний хамгийн нандин элемент.

Гэвч эрх чөлөө болгон араасаа асар том хариуцлагыг дагуулдаг. Энэ талаар цухас бичихээр шийдлээ.

Өнөөх миний дурдсан мэдээллийн асар уудам орон зайд хүн болгон өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг “Сэтгэгдэл” гэх жижигхэн буланд (Comment) гаргаж өгчээ. Сайн хэрэг. Сэтгэгдэлээрээ дамжуулаад хүн болгон өөрийн гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болж дээ. Үүнийг нь ч интернет хэрэглэгч нар яаж тэсгээхэв аливаа нэг мэдээллийн дор ялангуяа халуун цэг, сенсаци болсон үйл явдлуудын мөрөөр чин угаас гарсан үгсээ илэрхийлсээр…

Энэхүү чин үгст:

F…                       Ш..                 Г….

П….                     Л….                Х….

гэх зургаан маш муухай утга, сэтгэгдэл төрүүлэх үгс маш ихээр хөвөрнө, давтагдана. Тухайн мэдээлэлтэй ямар ч хамаагүй, авцалдаагүй, хайгаад хайгаад учрыг нь үл олох үзэн ядалт, уур хилэн дэндүү их.

Хэн нэгнийг гүтгэнэ. Бүр яг үзсэн харсан мэт, бичлэг нь байгаа юм шиг, эсхүвэл шүүх хурал дээр сэжигтнийг нотлох баримтаар булж байгаа ч юм шиг есөн жорын муу муухай тэнд дүүрчээ. Үүнийг энгийн нэгэн мэдээллийн цахим хуудаснаас харж болно. Уг нь бол цахим ертөнц гэдэг чинь яг л бодит ертөнцтэй адилхан хууль журам үйлчилж байх ёстой газар шүү дээ.

Хэрвээ сэтгэгдэл бичсэн хүн өөрийн нэр хаягаа, юу хийдгээ, ядаж эргээд холбогдоод хэлсэн үгэндээ эзэн болохоор хаяг дугаартай байвал болж байна. Тэгвэл энэ нь хариуцлагаа ухамсарласан эрх чөлөө болох юм. Хүмүүсийг авилгач, хууль зөрчигч гэж орон дотроо унтахаасаа өмнө хэлэх эрх хүн болгонд бий. Харин интернетийн ертөнцөөр, нэр хаяггүйгээрээ чангаас чанга гэгч нь хашгирна гэдэг өөрөө юу вэ?

Хэрвээ бичсэн хүн үнэхээр тийм муу муухай зүйлийг олоод харчихсан, дүрсжүүлээд, баримтжуулчихсан бол түүнийгээ ил гаргаад, батлаад, хууль сахиулах байгууллагуудад нь өгөөд нэг тийш нь шийдвэл гэмт хэрэг гээч зүйл багасахад хамгийн том нөлөө болж хуулиас гадуурх бүх зүйл арилах ч юм билэв үү?

Published by ochiroowits

A proud Mongolian, loves to share my ideas and views via Wordpress.com

One thought on “Сэтгэгдэл

Leave a comment