Анти-Семетизм ба Гитлер

Еврейчүүд гэхээр таны толгойд юу орж ирдэг вэ? Урт сахалтай, хар даавуугаар хийсэн хачин хувцастай сонин хүмүүс бодогдож болох юм. Бас ч үгүй мөнгөтэй, сэргэлэн, үргэлжид наймаа хийж байдаг, хаа явсан газраа дороо л гараад ирдэг сүйхээтэй хүмүүс санагдаж болох юм. Аль аль нь ч бай миний л бодлоор тэд зүгээр л бидэнтэй адил жирийн хүмүүс. Аль ч газар сэргэлэн нь сэргэлэн, амжиргаатай нь амжиргаатай байдаг хойно доо.

Гэвч түүхийн туршид тэднийг үзэн ядсан, бүлэглэн устгасан төдийгүй ангиар нь хиаруулсан үй олон жишээ байгаад миний гайхал төрнө. Яг еврей гэхээр биднээс ялгараад байгаа юм бараг үгүй. Харин ч сул дорой гэмээр, газар нутаггүй, гипси (цеган) хүмүүстэй адил л цагаачилж, хэрүүчилж байсан нэгэн үндэстэн.

Тийм боловч түүхийн шоглоомоор тэдний заяа төөрөгт хар сүүдэр дагуулсан нэг гайтай “Бавариийн Австри”  1889 онд мэндэлжээ. Түүний өөрийгөө хөнөөсөн өдөр нь өнөөдөр тул блогтоо энэ талаар бичье л гэсэн юм.

Гитлер… Харахад намхан хэрнээ үг хэл нь гүйцэгдхээргүй, боловсролгүй, мөнгөгүй, нийгмийн гарал угсаагаараа бол ерөөс тайзан дээр гялалзах хүн биш төөрөгтэй тэрээр хорвоог орвонгоор нь өөрчилж, даян дэлхийн олон хүний хувь заяагаар ганцаараа тоглочих нь оо гэдэг нь энгийн хэрэг огтхон ч биш юм. Багадаа бүрэг, ичимтгий байсан тэрээр 1-р дайнд яваад эргэхдээ улс төрийн хувьд ч, ертөнцийг үзэх үзлийн хувьд ч өөрчлөгдөшгүй том үзэн ядалтаар цэнэглэгдээд хүрээд иржээ. Харин үүнээс өмнө нь тэрээр зүгээр л гудамжинд хоног төөрүүлдэг нэгэн байсан юм. Тэр замаараа ч даруй жил таваргаж.

Дайны дараа “Кайзер”-н хаант засаг унаж Герман тэр чигээрээ улс төрийн маш олон салаа бүлгэмүүдийн орон болоотохлоо. Хувь зохиолоор мань Гитлер Мюнхенд байж таарч, цэргийн төрийн эрх авсан штабт мэдээлэл өгдөг байсан байна. Энэ явцдаа Антон Дрекслерийн даргалсан “Хөдөлмөрчдийн нам”-д элссэн төдийгүй (нам гэхээсээ шар айрагны мухлагт ууж суудаг бүлгэм л байсан) тэдний 40 хүнтэй шар айрагчдын “Клуб”-г парламентад суудалтай улс төрийн хүчин болтол нь томруулав. Үүнийг зөвхөн түүний амнаас гардаг сод илтгэлүүд нь л бий болгуулж өгсөн юм. Баавгай шиг баргил хоолойтой Ади-г ярихад хүмүүс тэр аяараа бишрэх, эмээх, айх зэрэгцдэг байжээ.

Тэрээр юу ярьж байсан бэ? Энэ нь хамгийн чухал…

Мэдээж хамгийн түрүүнд аймшигтай болчихсон байсан Германы эдийн засгийг тэрээр ярьдаг байж. Давагдашгүй их инфляци, ажилгүйдэл, ирээдүйгүй гадаад өр энэ бүхний бурууг тэрээр эрх баригчдад нялзайж, нааж, тэднийг базаахгүй, найдах хэрэггүй зөвхөн зэвсэгт хувьсгалаар нурааж л эх орноо аврах талаар сургаж байсан байна. Тэгэхдээ үүнийг мэдээж яаж ярих, хэнд ярих, аль үедээ зогсоц авах, аль үед нь айлгах, жигшүүлэх зэргээ бол хэнээр ч биш өөрийн унаган авъяасаараа л тууж байсан байх. Түүнээс бус, зөвхөн зураг зурдаг түүнээс нийгмийн инженерзүйчлэлийн тийм том том онолууд шууд гардаг байсан гэхэд хэцүү.

Чингэхэд эрх баригчид гэж юугаа хэлээд байна вэ? Гитлер яагаад л үргэлж уур бухимдлаа тэдэнд гаргаж дайнд ялагдсан шалтгаанаа хүртэл тэдэнд үргэлж тохдог байсан юм бэ? Тэд нар ер нь яс юман дээрээ яг хэн билээ?

Хариулт нь энгийн бөгөөд тодорхой… Еврейчүүд.

Тэд л мөнгөтэй нь байсан, эрх мэдэлтэй нь байсан гэвэл бас ч үгүй юм. Аливаа амьдралд сайнтай муутай олон асуудал гарахад хүн болгон өөрийн зөнгөөрөө хэн нэгнийг яллах, буруутгах хүсэлдээ автдаг. Ерөөсөө алдартай болох хамгийн энгийн арга бол тэр. Хүмүүсийн анхаарлыг татах хамгийн наад захын арга бол энэ. Проблемийг хамгийн тэнэгт ч ойлгохоор гаргаж ирэх. Тэгээд түүнийгээ тоть шиг зарлах. Эцэст нь үзэн ядуулах.

Энэ л энгийн үзэн ядалтан дээр Гитлер маш сайн гэгч нь ажиллаж эргээгээд энэ нь ч маш сайн тусаа өгч байлаа. Хүмүүс эхлээд хэн нэгэн хүн баатар болж тэдний төлөө шударга царайлж байгаад нь гүнээ талархаж уярах ба удалгүй ярьсан зүйл нь худлаа байсан ч хамаагүй сонсоод л сонсоод л адагтаа үзэн ядах чинхүү хорон санаагаар цэнэглэгддэг байна.

Хорих лагерьт хэдэн саяар нь хорих хүртэлх тэрхүү адгийн үзэн ядалт ердөө л энгийн нэгэн гомдол, сул дорой байдлаа үгүйсгэж, ялагдлаа холбогдолгүй нэгэнд нь, хамааралгүй асуудалд нь чихсэнээр эхэлсэн юм.

Европ даяар энгийнээр амьдарч байсан бүх “Еврей” муу хүмүүс байгаагүй. Ихэнх нь л дундаж, тэрнээс доогуур амьдардаг, цөөхөн хэд нь л дэндүү баян аль ч нийгэмд л байж болох энгийн л хүмүүс, ардууд байсан. Тэд нар тийм муу хүмүүс байсан юм бол өнөөдөр АНУ-д амьдарч буй 5 сая “Еврей”-г хэн гэж ойлгох вэ? Тэднийг бас хөөх хэрэгтэй юу? Тэднээс болж асуудал болоод байгаа юу?

Гитлерийн мессеж ердөө л иймхэн орлуулсан жүжиг, бүх асуудлыг жижигсэгсэн, бурууг “Еврей”-д тохсон өнгөцхөн “Үндэсний Социализм” байсан.

Амиа хорлохоосоо өмнө тэрээр мөн л “Еврей” болгоныг цааш нь харуулах ёстой гэсээр эцсийн гэрээслэлээ үлдээжээ. Мэдээж Гитлер байж болох хамгийн муухайгаар л хорвоог орхисон. Түүний яриад байсан “1000 жилийн Рейх” нь 12 жилийн дотор л газартай тэгшлэгдсэн. Түүнийг ялсан яргачин Сталин ч гэсэн өрөөндөө шээстэйгээ хутгалдаж өнгөрсөн байдаг. Энэ хоёр бол үнэндээ дэлхийн түүхэнд олон гарч байсан үндэстэн үндэстэнийгээ үзэн ядах, дээр доор нь харах үзэгдлийн шилдэг толгойлогчид. Ихэнхи нь л эд нар шигээ үхсэн дээ.

Ер нь хэн ч, хаана ч, хэзээ ч арьс өнгө, шашин шүтлэг, үндэстэн ястанаараа нэг нэгнийхээ дээр доор орсноос болж сайн юм болж байсан удаагүй.Бид бүгдээрээ адилхан, илүү ч зүйлгүй, дутуу ч зүйлгүй.

Ганцхан бидний зан чанар л сайныг харуулж, мууг нь мэдрүүлж байдаг цэнзүүр юм.

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s