Николай II ба Распутин

Их Оросын гүрэн гэдэг нэгэн хэсэг дээр нь наран наадаж байхуйд нөгөө хэсэг дээр нь саран салхилж байдаг Евро-Азийн агуу гүрэн байжээ. Энэ агуу гүрэн хэдий газар нутаг том, хүн ам олонтой ч даанчиг хоцрогдсон, хамжлага маягаараа ХХ зуунд хөл тавьсан “Их гүрэн” байлаа. Энэ орны сүүлийн хэмжээгүй эрхт, төгс автократ хаан болох, бүр сайн хэлбэл Их Оросын сүүлийн “Царь” Николай II түүний дайсан ч гэж хэлж болох, нөхөр ч гэж хэлж болох, бүр юу биш ч гэж хэлж болох Распутин нарын талаар бичвэл тун сонин байх болов уу.

Николай хаан 1894 оноос 1917 он хүртэл, тодорхой хэлбэл нийтдээ 22 жил 134 өдөр “Царь” байж үзсэн ховорхон эрх мэдэлтэй, тухайн үеийн Европын хааны удмынхнаас ганцаараа энэхүү мэдэлдээ хэвээр үлдсэн цорын ганц “Царь” байлаа. Зөөлөн дуутай, Герман эхнэрийнхээ гарын аясаар байдаг тэрээр хорвоод түүнийг Бурхан ЭЗЭН “Царь” болгон томилсон ба тиймийн тул түүний санаа бодолд орсон бүх зүйлсийг Оросын бүх хүн үг дуугүй, эсэргүүцэх үйлдэл битгий хэл санаа ч гаргалгүйгээр дагах ёстой хэмээн гүнээ итгэдэг байжээ. Иймийн тул тэрээр байж болох хамгийн тансаг бөгөөд зарим нэгнийх нь зүүдэнд ч оромгүй их алт мөнгөн дээр амьдарлынхаа ихэнхийг өнгөрөөсөн юм.

Бараг л төгс байсан түүний амьдрал 1904 онд бүр мөсөн төгс болж хаан ширээ залгах хүүтэй болсон хэдий ч удалгүй нөгөө хүү нь байнга дотуур цус алддаг удмын өвчтэй нь илэрч үүгээрээ төгсөөс ч төгс байсан амьдарлыг нь нэг ёсны хагас дутуу болгоод эрэмдэглэчихэв. Нэгэнт тэрээр хааны хүү, ирээдүйн их “Царь” байсан тул түүнийг байж болох бүхий л эмчилгээ, хамгийн сайн анагаах ухаанаар занимальдуулах нь ойлгомжтой. Гээд явсангүй. Цус алдсаар, заримдаа бүр гэр бүлийнхнийгэээ тэсгэшгүй ихээр шаналгадаг байсан байна. Хүүгийн өвчин нь эмэг эх нь болох Британий цог жавхлант, яруу алдарт, агуу их хатан хаан Викториогоос гаралтай гэж эмч нар дүгнэж байж. Нээрээ л энэхүү өвчин удмаар дамжиж илэрдэг, тохиолдол нь их цөөн, ганц л тохиовол тохиох эмгэг байсан бололтой. Тэр л эмгэг хөөрхий хүүд тусчихаж.

Герман гаралтай Николайн гэргий Их Оросын хатан хаан Александра энэ үед  ихээр мухар сүсэгт автах болжээ. Угаас Оросын үнэн алдартан аль хэдийн итгэл бишрэл гэхээсээ тухайн үедээ хаант засгийн тархи угаах үндсэн зэвсэг болчихсон байсан ба энэ зэвсгийн орой болсон боловсролтой Александра тэр зэргийн мухар сүсэгт автсан байсныг бодоход бүх Орос хэр зэрэг баларсан байсныг харж болно. Мухар сүсэг нь хөгжлийн, боловсорлын, шинжлэх ухааны, хүчтэй эдийн засгийн хамгийн том чөдөр тушаа болохоор тэр хэрээрээ арилгахад хэцүү, бат тогтчихсон бол системийн өөрчлөлт хийж байж л арилдаг нэг ёсны нийгмийн эмгэнэл юм.

Мухар сүсэгт автсан дээдсүүд оргилуун дарс шимж, сайн чанарын загасны түрс амттан болгон сорон жаргахдаа хөзрөөр дамжуулан ирээдүйгээ мэргэлж хөлөөрөө толгой хийдэг байв. Тухайн үеийн энэхүү гаж гэмээр балайрал нь дээдсүүдийн дунд тун чиг тархсан байсан ба хоцрогдсон ийм хөрсөн дээр янз бүрийн хүн амьтан ихэд гэгээрсэн хүн болж тоглодог байжээ. Үүний нэг нь нөгөө 1869 онд Сибирийн мухарт төрсөн Распутин болж таарлаа. Тухайн үедээ тэрээр Оросын их харгуйд “Сайн мэдээ” тунхагладаг хүн байсан юм шиг байгаа юм. Аа харин яс юман дээрээ бол тэрээ зүгээр л нэг архичин, бэлгийн гаж донтон, хялбар аргаар мөнгө олдог залилангийн яруу их мастер байлаа. Ийм нийгмийн адгийн шаар яаж яваад Их Оросын хааны гэрт яваад орсныг яаж ч бодоод би ойлгохгүй байгаа юм. Магадгүй тэр үеийн Орос тэр чигээрээ нийгмийн гүн эмгэгт автчихсан байсан юм болов уу, өөр таамаг алга.

Распутин ямар ч л байсан Александрад таалагдаж эмч домчоор төрсөн цагаасаа хойш явсаар л байсан Алексейг түүгээр харуулуулах, үзүүлүүлэх, бүр сайн болвол эмчлүүлэх зэргээр харилцаагаа өргөсгөжээ. Харин ямар нь шүгэлсэн юм бүү мэд, Распутин бөө болж шоу үзүүлсэний дараагаар хүүгийн цус алдах нь огцом багасчихжээ. Ингээд тэнгэрийн ундага тариачин залилагчид өөрөө ороод ирэх нь тэр. Энэ мөчөөс эхлэн Распутин хаант засгаар наадаж эхлэх жилүүд гарч ирвэй. Зөөлөн дуутай хаан, зөрүүд хатан хоёр шиг сайн зах зээл иймэрхүү гэгээнтэн ба хувилгаануудад маш сайн тохирдог ажгуу. Нэг юм болвол нөхөр нь шийдвэр гаргаж үл чадна, мухар сүсэгт хэт дарамтлагдсан эхнэр нь Распутиний эсрэг хэзээ ч явуулга хийхгүй. Хийлээ гэж сэтгэхэд л дотроос нь энэ нь гэм, нүгэл, болохгүй зүйл гэсэн мэдрэмж төрөх тул, магадгүй үүнийг нь ч Распутин мэдэхийн дээдээр мэдэж байсан тул бүх зүйл төлөвлөсөнийх нь дагуу явж эхлэх нь тэр ээ. Үүнээс үзвэл тэр тэнэг толгой биш аж. Могой шиг ухаантай, өтчихсөн мэт дотортой нэгэн гэлтэй.

Дэлхийн I дайн эхлэх үед Их Оросын юу нь хатгасан юм бүү мэд дайнд орох боллоо. Яг үнэндээ тийм мөнгө ч, боломж ч байгаагүй ба, хэдэн ядуу тариачдаа цөөлөх гэж л дайнд оров уу гэлтэй Германы эсрэг дайтахаар боллоо. Магадгүй өмнө нь Японд ялагдчихсан байсан болохоор “Их гүрэн” гэдэг үүднээсээ богино хугацаанд Германтай үзээд алддаг хэрэг гэж бодсон ч байж болох. Мэдээж ядуу ардууд, тархиа тэр чигээр нь угаалгачихсан болохоор “Царь” буюу эцгийнхээ төлөө Германчуудтай үзэхээс өөр гарц үгүй.

Харамсалтай нь дайн хэт сунжирч, нөгөө суртал ухуулга, тархи угаалт ч “Дашин шог” байсан нь тодорхой болох үед хэнд ч гэсэн “Царь” олиггүй амьтан гэдэг нь тодорхой боллоо. Ийнхүү ихэнхи цэргүүд дайнаас зугтаж, хариуцлага байхгүй болж, улс орон тэр чигээрээ зах замбараагаа алдаад зогсохгүй төрийн эрхийг хатан хааны нэр дээр Распутин барьж эхэллээ. Распутин Николайг ганцааранг нь сайн чиг шордож байгаад фронтруу явуулчихсан ба нөгөөдөх нь тэндээс буцаж ирэхдээ хаан биш харц болоод ирэх заяатай байж.

Хэдий Распутин удалгүй хааны удмын угсаатнуудад алагдсан ч тэрээр бүтэлгүй удирдлагын тэнэглэлийг ашиглан дэлхийн хамгийн томоохон гүрний хаан ширээнд заларч үзсэн хосгүй нэгэн солиотон байлаа.

Харин Николай 1918 онд буудуулхаасаа өмнө энэ талаараа сайн чиг бодож тунгаасан биз ээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s