Айлаас эрэхээр авдраа…

Дэлхий даяарчлагдаад цаана чинь хүн болгоны нүд нээгдмүй. Урьд нь зөвхөн гадаад дотоод явж, галуу шувууны мах идэж үзсэн хэсэг бүлэгхэн хүмүүсийн яриа, зугаа, цаашилбал боловсрол байсан олон зүйлс өнөө цагт энгийн нэгний хэрэглээ, эрх чөлөөнийх нь салшгүй хэсэг болоотохлоо. Ийм цаг үед, бүгдээрээ нээлттэй нийгэмд амьдарч байгаа гэдгээ ойлгож, тэр нь зөвхөн эрх чөлөөнөөс өөр дүрэмгүй, хажуу дахь нэгний чинь эрх ашигаас цааш саадгүй гэдгийг хэн хүнгүй анзаарах болжээ. Өөрөөр хэлбэл бүх зүйл ил тод, хэн нь ч хэнээсээ илүү дутуу зүйл мэдэж нуугаагүй. Мэдээлэл, боловсрол өндөр түгээлттэй, тэр чинээгээрээ олон ургальч үзэл бат тогтож, нийгэм баян баялаг болж байна.

АНУ-ын дунд сургуулийн түүхийн хичээлийн номнуудыг үзэн сонирхов. 4-5-р ангийн хүүхдүүдэд заадаг эдгээр сурах бичигт “Дэлхийн хоёрдугаар дайн”-ы талаар өгүүлсэн байх ба үүнийг уншсан жирийн Америк хүүхэд өөрийн эх орныхоо талаар, энэ дайнд амиа насаа зориулсан өвөг дээдсийнхээ талаар эрхгүй бахархаж, магадгүй сэтгэлийн хэт хөөрөлтэй нэгнийх нь хамрын самсай шархирч мэдэхээр уйлан, дуулан бичсэн байна. Хэт их бахархамаар гэлтэй энэ хуудсуудад “Америк” гэж ийм нийгэм байх ёстой гэсэн хатуу бөгөөд эрхэмсэг дээдлэхүйг нэвт шингээжээ.

ХХ зууны дэлхийн түүх гэсэн мөн л Их Британы боловсролын тогтолцооны үр шимийг яг одоо уншиж байна. Хэвлэсэн цаас, зураг, өгүүлэмж нь ямар ойлгомжтой, хүртээмжтэй гээч. Сурагчид хоорондоо ойлголцох, ярилцах, бичих, мэтгэлцэх бүх асуултууд, гаргалгаанууд нь өөрийн эрхгүй гайхмаар. Тэнд хүн хүүхэд байхаасаа л ертөнцийн түм буман түүхийн жив чиг, алдаа оноо, сургамж зэргийг олйгодог болсон байх ба энэхүү боловсролоороо дамжуулан өөрийн өнөөдөр тохиолдох амьдралдаа шийдвэр гаргаж, түүндээ дүгнэлт хийн хэн нэгний худал хуурмаг яриа, хоосон амлалт зэргийг бодит байдлаас ялгахтайгаа болдог байна. Тийм хүн эрх чөлөөгөө ойлгоно, үүний дараа хариуцлагатай амьдарч чадна. Миний ойлгосон гол санаа гэвэл боловсрол маш их хүчтэй гэдэг энгийн л санаа.

Өнөөдөр болоод байгаа, яригдаад байгаа, манлайлагчдынх нь дэвшүүлээд байгаа санаа огтхон ч шинэ зүйл биш. Бүгдээрээ л өнгөрсөн буурал түүхийн эргүүлгээс гаралтай, үүсэлтэй, үр дүн нь ч олон мянган жилийн явцад туршлагаар хуримтлагдан баталгаажсан, онолын хувьд бүрэн тайлагдсан нэг ёсны үргэлжлэл. Тэгэхээр боловсрол гэдэг өнгөрсөнөө эргэн хараад, түүхээ судлаад (жинхэнэ ёсоор үйл явдлыг дүгнэх) үүгээр дамжуулан алдаагүй, гаргасан ч арай бага хэмээр алдаж амьдрах нэг ёсны сайжруулсан зам юм. Ийм зам өрнийн боловсролд байгаад өөрийн эрхгүй атаархаж, энэ замаас нь суралцмаар санагдана.

Дөнгөж ном уншиж эхэлж байгаа хүүхдүүдэд алдарт “Scholastic”-ын цуврал номууд өөрийнх нь үндэстний түүхийг ойлгомжтой, хөгжилтэй байдлаар хүргэж байна. 1-5 гэсэн дараалалтай эдгээр цувралууд дөнгөж үг үсэгээ нүдэлж байгаагаас эхлээд номыг догол мөрөөр нь дагуулж аль хэдийн санааг нь ухан ойлгодог болтол нь хүүхдийг хөтөлнө. Энэ боловсролын их аянд тэд Томас Жефферсон гэж хэн байснаас авхуулаад, Мартин Лютер Кингийн мөрөөдөл юу байсан, тэр мөрөөдөл нь одоо ч тэдний амьдралыг хэрхэн гэрэлтүүлж байгааг мэдэх юм.

Удахгүй Монголчууд түүхийн тавцанд дахин тусгаар Монголоороо гарч ирсэний 100 жилийн яруу алдарт ой тохионо. Гэтэл энэ үед интернет сайтуудаар ч, номын дэлгүүрүүдээр ч, зурагтын сувгуудаар ч энэ яруу алдарт үйл явдал яаж өрнөсөн, хэн гэгч нь түүхийн баатар байсан, ямар их адармаатай жаргал зовлон хөвөрсөн зэрэг нь хаалттай, хаяггүй, тодорхойгүй, мэдээлэгдээгүй, мэдээлэгдсэн нь ч түүхийн шинжлэх ухааны гэхээсээ хувь хүний субьектив гаргалгаатайгаар л байсаар.

Түүх гэдэг баян. Тэр тусмаа Монголын өнөр өргөн түүх аль ч орны түүхээс дутахааргүй баян, туйлын сонирхолтой, сургамжтай. Бидэнд Жеорж Вашигтон, Улиссес Грант, Абрахам Линкольноос дутахгүй, зарим талаараа илүү ч гарах түүхэн фигурууд бий.

Энэ талаар ном, зохиол, урлаг, кино гээд Монгол бахархалаа сургамжтайгаар нь үлдээх өв бий болговол сайнсан. Бен Валшын “Орчин үеийн дэлхийн түүх” номноос санаа аван суралцаж бүтээх, туурвих мөн ч их боломж байгааг дурьдсуу. Ирэх 100 жилийн ойгоороо ийм л зүйл үлдээвэл үнэнхүү сайн хэрэг биш гэж үү? Үргэлж л өөрсдийн түүхээ өнгөцхөн бахархал болгож байх нь бидэнд дэндүү ашиггүй мэт. Ямар сайндаа л бага насны хүүхдээс “Чингис хаан” гэж хэн бэ? хэмээн асуухад “Хар чингис” гэж архи байдаг гэх янзаар хариулсан шог яриа байна. Эх түүхээрээ бахархаж, судлаж, ярилцаж, дүгнэж, мэтгэлцэж байвал тэр нь жинхэнэ бат өв болох болов уу. Айлаас эрэхээсээ өмнө авдраа сайн ухвал, ядаж айлаас юу авахаа сайн мэдэж болмоор.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s