Мангаа Доогийн эцсийн зүүд

(Энэхүү өгүүллэгийг би зориуд орууллаа. Монгол өгүүллэгийн судсыг барихад төв болох өгүүллэгүүдийг бүгдийг нь бас оруулах болно.)

Хүнийг бялуугаар алсан, мэсээр алсан онц өөр буюу? 

                                                                      Мэнз

Хүн ёсыг бадруулан чадмуй. Ёс хүнийг бадруулах нь бус.

                                                                      Күнз

Өгүүлэх инү: Урьд цагийн Номын их хүрээ, Богдын хүрээ, Нийслэл хүрээ, Да хүрээ буюу төвд ном сударт Хүрээ ченмо, хятад бичиг дэвтэрт Да Күлүнь, Европ зүгийн газар зүйн бичиг зурагт Урга гэдэг хот одоо байдал маш өөр, үнэхээр танихуйяа бэрх болжээ.

Хуучцуулын цээжинд Зүүн хүрээний гучаад аймгийн нэр нэгд нэгэнгүй хадаастай боловч, чухам хаа хаа байсныг тэр, тэр хэмээн зааж өгөх хүн өдрийн одноос ховор бий. Одооны Улаанбаатарын саяхан цардсан гудамжаар, давхар давхар байшингийн ёроолоор хуучин хүрээнийхэн явахдаа “Энд урьд юу байлаа? Шар орд энэ хавьд байл уу?” хэмээн дэмий л гайхахаас чухамлан мэдэх таних тэмдэггүй болжээ. Зүүн зүг, урьд цагийн хуурч хүний хуурдан дуулдгаар:

Манай хүрээний зүүхэнтэй,

Манжийн хүрээний баруухантай байдаг

Маахуур толгойн хавиар ч гэсэн,

Батгүн гэж Ар Монголд алдартай гяндангийн, хүн давахын аргагүй өндөр шовх хашаатай, тал нь газар дороос цухуйсан, тал нь газар ухаж барьсан, нар салхи огт ордоггүй, маш өмхий чийгтэй шавар байшин чухам хаа байсныг ч мэдэхийн аргагүй болж, давхар лүү байшингууд ханаран гудамжилжээ. Жаргалтай энэ цагийн настан өтгөс зовлонтой тэр бэрх цагийн гасланг хэдийн мартаж амбасын яамны Батгүн, шавь яамны шорон, цаазаар аваачдаг Шар хад гэх зэргийг цөм мартжээ. Тэр бүгдийг андахгүй андахгүйдээ бас учиртай андахгүй нэг хүн байжээ. Могойн эрээн гаднаа, хүний эрээн дотроо гэж. Тэр хүний тэгж андахгүйг хэн мэдэх ажээ. Орой Чингэлтэйн хорооны нэг дэлгүүрийн үүдэнд, өвөл цаг ямаан дахтай, зун цаг тэнгэр бүрхэг бол дэрсгэр ёрог цувтай нэг манаач өнжөөд суудаг байжээ. Ганц бие тэр өвгөн манаачийг таних мэндлэх хүн ч бараг үзэгдэхгүй, өвөл халцгай лоовууз, зун орос янзын тас гандаж өнгө алдсан хуучин малгайн саравчаар нүүрээ хамартаа хүртэл далдлан, үүргэлсэн үгүй хоёр нь мэдэгдэхгүй суудаг билээ.

Жүжгийн хүрээлэнд жүжиг үзээд, Сүхбаатарын талбайгаар эргэн тойрч, дэлгүүрийн дэргэдүүр өнгөрөн гарахдаа, үдшийн шөнөөр хэлэлцэж баршгүй янаг сэтгэлийн үг цээж дүүрэн залуу хүмүүс нэг нэгнийхээ тохой түшин сугадаж мөр зэрэгцэн явахын таатайд автагдан, дэлгүүрийн үүдэн тушаа, цахилгаан гэрлийн төгрөг хүрээний захад зогсосхийн нам дуугаар үг хэлэлцэн зогсох дуртай байдаг билээ. Өвгөн манаач хулгай дээрмийн хүн бус, амраг сэтгэлт залуус гэж мэдэвч, туурганд түшүүлсэн вандангийнхаа тэндээс сөөнгө хоолойгоор,

-Юун хүн бэ? Битгий тэнд зогс, буудлаа! гэж гэнэт хашгирдаг байж билээ. Ертөнцөд хоёр биенээс нь өөр юм байхгүй мэт үдшийн харанхуйд хагацан салахыг үл түвдэн зогсож байсан хоёр залуу хүний цочин эмээж, яаран зайлахад, манаачийн тав нь ханаж, мэнгэр дүүрсэн уушгиа хэржигнүүлэн,

-Хэ-хэ-хэ! гэж хүйтнээр инээх нь шар шувууны инээх адил муухай бөгөөд инээсээр ханиаж, цэр мэнгэртээ хахаж цацан, нулимж, нулимж ханиаж, насны залуугаас одоо хүртэл гутлын түрийнээс холдуулан салгадаггүй агаад жирийн хүний санаанд оромгүй юм үзсэн гаансаа шүүрч галзуу улаан тамхиа нэрээд, буугаа тэврэн, утаа савсуулж, сурамгай хоронд нь ханиад дарагдаж, өврөөсөө тамхины хөөрөг шиг хавчиг юм гаргаад, годхийтэл оочоод модон вандан дээрээ тохитойхон сууж, үүрийн шөнөөр үүрэглэнхэн унтдаг билээ. Өглөө гэртээ хариад амандаа ус балгаж, саван хэрэглэлгүй нэг балга шүлсээр гар нүүрээ угаахчаан болж, тогооны бариул шиг хар алчуураар хааш хэрэг арчихчаан болдог тэр өвгөний гары нь харвал, олон жилийн хир тоос шар үсний сүв бүхэнд шигдээд, нүүрийн арьс түмэн зүү шивсэн адил, хөмсгөн дороо төвгөр ястай явцуу магнайн үрчлээ нь зураач хүн бийрээр зурсан шиг хир тоос тодрон зурайж нас нэлээд дээр гаравч овор нь бүр ч их, хамрын үзүүр улаан, зулай хожгор, нүүр үрчгэр, өнгө дарсны шуналд элэгдсэн шинж бүрэн төгс. Залуудаа нэлээн ч шуугиулж, шавийн нэртэй бичээч байгаад, мангаа хочтой, сүрхий харгис түшмэл явсны нь одоо үзээд хэн таних билээ? Наймаа хотод наргиж явсан хүүхний нэг зарим нь аль хэдийн Даландавхарт гарч, үлдсэн ганц нэг нь залуудаа салхи сар, үүл борооны явдал хийж явсан ганган түшмэлийг одоо энэ дэлгүүрийн манаач болоод хүүхэн тэвэрдэг цог нь хэдийн өнгөрч, гучин жил дуугараагүй хуучин бярдаан буу тэврэн, дэлгүүрийн үүдэнд үүрэглэн хонодгийг яахин мэдэх аж. Өдөр гудамжинд хүрээ наймаа хотын ганц нэг чавганц дайралдсан ч хориод насандаа хорвоогийн жаргал эдлэлцэж явсан хүн минь тэр гэж хорчгор өвгөнийг ч танихгүй, танилаа ч гэсэн сэтгэлийн гал унтарч, орох гарах дурсгалын хүйтэн хөх үнс болсон тул, аль л залуудаа дайралдаж явсан юмтай өтөлж чавганц болсон хойноо гудамжинд шүдгүй амаа ангалзаж явах вэ гэж таньсан ч үг дуугүй, гагцхүү дотроо бодохдоо “Энэ хөөрхий ийм болоод явахыг үзэхэд би ч бас хүний нүдэнд юун өөдтэй гэгдэх ажээ!” гэж бодон өнгөрөх билээ. Манаач өвгөн орой манаанд гарах бүр үнэртэй усны нэг бяцхан хавтгай дугуй шилэнд архи хийж өвөртлөөд, өвөл бол дах, зун бол цуваа хэдрээд, муу бярдаан буугаа  барин, дэлгүүрийн үүдэнд байдаг модон вандан дээр суугаад, хүн амьтны хөл цөөн болсон хойно өврөөс тэр шилтэй архиа гаргаж оочоод, бүр санаа амар үүрэглэнхэн унтдаг байлаа. Тэр орой тэнгэр баахан бүрхэгтэнхээ алдарсан шинжтэй тул, гэрээс гарахын өмнө дундуур аяга архи балгаад дэлгүүрийн үүдэнд хүрч ирэн, олон жил элэгдтэл суусан түшлэгт вандан дээрээ суугаад, бие базаахгүй, гар хөл чөмгөн дотор тугалга цутгасан адил өргөж даагдахгүй, бярдаан буу ч үхэр буу шиг хүнд болсон мэт, зүрх бас нэг хачин дэлсээд байх шиг. Ингээд л үхдэг цаг ирэх нь энэ үү? гэж бодоод муу хар овоохойдоо, давхар шар эсгий гудсанд нэг түмэн төгрөг хавчуулаастайг санаад, энэ шөнө ингээд үхвэл тэр мөнгө ёстой хар нохойн идэш болно доо. Эхнэр хүүхэдгүй болсон, нөхөр ханьгүй болсон, ураг элгэнгүй болсон гон бие гозон толгой би өвсөн дээр хэвтсэн нохой шиг мөнгөн дээрээ нэг шөнө хэвтэж хоноод, энэ дэлгүүрийн үүдэнд нохой шиг сахин хэвтэж нэг хоноод, одоо дэлгүүрийн хаалганд зэвэрхий бярдаан тэврээд үхэх ээлж таарах нь ээ гэж гунихран бодоод гудамжинд амьтан хөл чимээгүй нам гүм болсонд өврөөс өнөөх хавтгай хөөрөг шиг шилтэй архиа гаргаж, хэд оочиж үлдсэн дуслы нь шимж долоогоод шилээ өвөрлөж, ходоод халуу оргин бие ч аятайхан болсон мэт санагдаж бярдаан бууг хажуудаа түшүүлэн, дахаа аятайхан нөмрөөд, вандан дээр эвтэйхэн сууж, нэг мэдэхнээ үүрэглэн зүүдэлжээ. Зүүдэндээ гудамжаар урагшаа харваас нэг олон юм харлан, хойшоо Даландавхарын энгэр тийш цувж явна. Олон амьтны хөлийн чимээ, гав гинжийн хангир жингэр дуугарах чимээ ч гарч байх шиг,

-Энэ юун жагсаал харанхуй шөнөөр цувдаг билээ? гэж нүдээ арчин хартал, дотор палхийж хирдхийн цочлоо. Бадаргуулт Төр хааны үед, анх түшмэлийн зэрэгт дэвшиж гавьяа байгуулахад нь амь үрэгдсэн таван малчин гэзэгний нь үс ширэлдэн, гартаа гавтай, хөлдөө тушаатай, гүнгийн чийгтэй өмхий шоронд шархны халуунаас үхсэн цагийн байдал нэг ч өөр болсонгүй, шаахайдуулсан хацраа хормойн тасархайгаар боож, гянданд ялзарсан, тамтаг болсон дээлийн цоорхойгоор хонгоны нь мах унжин санжин, хөлөө чирэн өнгөрөхөд, түмэн хилс хэрэгт үхүүлсэн тэднээ харахад манаачийн дотор арзасхийх шиг болов. Тэр тавын хөлөөс зүүсэн төмөр тушаа, хилс хилс гэж хангир жингэр дуугарах адил. Хойноос нь уранхай ноорхой хувцастай, майжиг гуталтай, эцэж турж найман чөмгөндөө хэлхсэн хэдэн чавганц, үс нь ширэлдсэн хэдэн авгай, нүцгэн шалдан хэдэн хүүхдээ дагуулан, нэг авгайн ширгэж үрчийсэн хөхнөөс өтөлсөн хүн шиг үрчлээтсэн, арьс нь унжсан хэлхээ яс шиг туранхай хүүхэд омголтсон хөх уруулаараа шимэн шимэн дуугүй уйлах шиг ярвайж, эхийг хүзүүдэн, манаачийн хажуугаар өнгөрөхөд хорчгор гараараа заан уруул нь чимээгүй хөдөллөө. Хойноос нь хазганаж явсан нэг эмгэн шороо шүүрч, манаачийн нүүр өөд цацахад нь нүдээ аньтал духан дээр нь шархийн тусаад, ухасхийн босч зайлах гэтэл бие ванданд наалдаж, вандан газарт наалдсан шиг, хөдлөхийн аргагүй, тэр бүгдийн зүс царай цөм таних хүн ажээ. Түрүүлж явсан тавын ар гэрийн хүн амьдралаа алдаж, жадрын гүүр дор осгож үхсэн амьтан явнам. Өнөө орой дэндүү балгаад, нүдэнд ийм аягүй юм үзэгдэв үү? гэж айх ичих сэтгэл төрж, нүдээ аньсан ч цувж яваа олон үзэгдэж, доошоо харсан ч урдуур нь цувж яваа шиг харагдаад, буруу харсан ч харагдаад, зайлахын аргагүй. Хилс хэрэг хүлээдэггүй хүмүүсийг улайлгадаг сүрхий байцаагч түшмэлийн нэр олох гэж өөрөө ташуурдан нүдэж,

-Төрд тэрсэлсэн чиний зориг төмөр мэт хатуу боловч, хууль хясаа мэт хайлуулан урсгаж чадна. Хэргээ хүлээ, хэл, хэл, хэл! гэж гэм хийгээгүйгий нь мэдэвч эрүү шүүлтээр мах цусы нь урсгаж, түмэн хилс хэрэг хүлээлгэн, ноёд дээдсийн өмнө нүүртэй болж байхад сайхан байдаг сан. Ганц суга үсрэн мандахын үес мань Дайчин улсын төр сөнөж, Олноо өргөгдсөний үед дахин өнөөхөөсөө эхэлж, цуутай арван тавны цагдаагийн давдаггүй зоригтныг давж, дуртай хэрэг хүлээлгэн, зэрэг хэргэмийн туйлд хүрэхийн даваан дээр ардын хувьсгал үүсэж, урьдын мандах арга хүчингүй болж, амьд хоригдлын гэрч болсноос үхсэн ялтныг дэрлэсэн нь дээр гэж гар хүрсэн хүнээ хороож, алс хязгаарт оргон зайлаад, гэрч татаж, дагуул хийх харгис феодал түшмэдийг ор сураггүй болсон хойно, дахин хот орж ирээд энэ дэлгүүрийн манаач,  гон бие гозон толгой ядуу хүний дүрээр хар амиа хаацайлж явсан бүх явдал нь харанхуй шөнө агшин зуур гялсхийх цахилгааны гэрэлд орчин тойрны хамаг юм үзэгддэгтэй адил манаачийн сэтгэлд тов тодорхой ургажээ. Сүртэй жагсаал өмнүүр нь цувсаар, цөм өөрт нь уруулж зодуулсан цус нөжөө

цувруулсан хүн, Батгүнд үхсэн хүн, Шар хаданд буудуулсан хүн цувж, нэг хартал манаачийн төрсөн эх нь хүүгийн ёсон бусаас жигшин ичсэн шинжтэй, тэр олны дунд харан зургаадай таягаа тог тог тулж хөлөө чирэн явснаа таягаараа хүүгийн өөдөөс чичин муухай хараад өнгөрөх шиг боллоо.

-Бид Хэвт Ёсны үед чамд тамлуулж, хилсээр Батгүнд дөнгөлөөстэй үхсэн гэж нэг өвгөн ханиа ханиасаар манаачийн хажуугаар өнгөрөн гарахдаа “мангас Доо маныг таньж байна уу?”гэж мэнгэрээ хэржигнүүлэн өнгөрлөө. Хүрдэн дор үхсэн чавганц нь буруу харж, хоёр ачаа дагуулан гарахад,

-Намайг жигшин буруу харж явах тань түмэн зөв! гэж манаач үнсэн хөх уруулаараа шивнэн хөдлөх тэнхээгүй, зайлах газаргүй модон вандан дээрээ хадаатай юм шиг сууж, архи нь хэдийн гарч, ухаан солиотой хүний галзуу нүдээр өмнүүр нь өнгөрөгч олны зүг ширтэн хартал,

-Олноо өргөгдсөний үеийн хүн шүү бид гэж есөн эрүү туулсан нэгэн малч биеийн төрсөн байдал чийрэг боловч гянданд ялзарсан уранхай хувцасны цоорхойгоор эрүүд эвдүүлсэн баатар хүдэр биенээс цус идээ цувруулан өнгөрөхөд, манаачийн бүх шар үсний сүвээс хүйтэн хөлс гарах шиг болж, хөдөлье хөдөлж болохгүй дэмий л.

-Дарга аа, хоршооны дарга аа, эднүүдийг зайлуул! Хүүе ээ, дарга аа! гэж хашхиравч, тэр олон хилс ялд унасан хүнээс ондоо хүн гудамжинд үзэгдэхгүй, аймшигт цуваа үргэлжилсээр, сүүл нь харагдахгүй. Хашхирсаар манаачийн хоолой сөөж, айж сандарсан нүд бүлтийн, духнаас нь шорвог хөлс нүдэнд нь орж хорсговч, гараа өргөж даахгүй, дэмий л аньж харж суутал, гамингийн үеийнхэн цувж гарав. Зарим хүн цохисноо санаж байна уу гэсэн шиг хөх няц болсон нүүрээ зааж өнгөрөн, зарим нь үг дуугүй галзуу хүний нүд шиг аймаар хурц нүдээрээ манаачийг ширтэн шарх болсон хэнхдэгээ лүс лүс шаан өнгөрөв.

Барон жанжны үед биднийг ховлож, хийгээгүй хэрэгт түмэн хилсээр шийтгүүлсэн шүү дээ. Мангас, чи гэж шилэн хүзүүгээрээ толгойгоо хага буудуулчихсан, хоёр гар нь ардаа хүлээстэй хэсэг хүн цуван өнгөрч,

-Энүүнийг чи таньж байна уу? Түрийд чинь байгаа чиний гаансны тэмдэг гэж нэг залуу эр хуйхаа хага цохиулсан шарх заан, шүдгүй амаа ангайхад нь эрүү шүүлт тулгаж шүдий нь булга цохисноо санаад, манаачийн зулай хожгор боловч шилэн хүзүү, хулгай гэзгийн үс нь арзасхийх шиг боллоо. Цээжин бие нь нүцгэн, дал нуруунаас нь бууны сүмбэнд хага цохиулсан, ангайн хавдсан шархнаас цус цуварсан, улайсгасан төмрөөр хайруулсан хэнхдэгтэй хүмүүсийн дунд бароны шоронд мангаа Доо тайжид байцаалгаж цэвэр биеэ бузарлуулсан, хөхөө огтлуулсан эмэгтэйчүүд үсээ сагсайлган цусаа цувуулан өнгөрч, хамгийн сүүлд бароны байцаагч, зулайдаа хотгор хавчиг гавалтай Сипайло гэдэг офицер манаачийн хажуугаар өнгөрөн гарахдаа, хар архины үнэр ханхлан,

-А, чи энд сууна? яаж болно, танай ба манай ажил хамт хийсэн и хамт явна, хэрэктээ! Ха-ха-ха! Мөнгө архи и хүүхэн ондоо юу ч хэрэггүй байсан. А одоо бушуу явна хэрэктээ, ха-ха-ха! хэл, хэл, хэл! гал, гал, гал! ха-ха-ха! гэж хүйтнээр инээж өнгөрөхөд нь манаачийн ясны нь хөлс гарч, нүдээ аниад хичнээн болж нэг харахад нь гашуудлын хөгжим, улаан хар даавуугаар чимсэн тэргэн дээр авс тавьж, дэлгүүрийн хүн ханцуйдаа бэлэвсрэлийн улаан хар даавуу уяж толгой бөхийн айсуй. Хартал, авсанд өөрийн бие хэвтэж байв. Отго жинс, цалин пүнлүү, нэр гавьяаны хойноос Бадаргуулт Төр, Хэвт Ёс, Олноо Өргөгдсөний үед, гамин бароны үед амьтныг хилсээр хэрэгт хийж, тамлан үхүүлсэн хүнээ сав саяхан урдуур цувж өнгөрөхөд оройтовч гэмших сэтгэл төрөх мэт гутран гашуудахаас өөрийн биеийг үхээд оршуулж явахыг үзэх нь бүр ч аймаар санагдаж, өөрийн эрхгүй хүүр оршуулах газар дагалдан хүрчээ. Авс хийх нүхний өмнө очоод зүрх нь гүнригийн хэнгэрэг шиг хэнхдэг дотор дун дүн цохиж байх мэт эргэн тойрон хартал, хоршооны албан хаагчдын цаагуур өнөөх түрүүн цувж өнгөрсөн хилс үхсэн улс, аж амьдралаа алдаж зовон үхсэн тэдний ар гэрийн хүн хэдэн давхар бүслэн тойрч зогсож байгаа нь харагдлаа.

-Манай хоршоонд олон жил манаач хийж байсан, шударга, томоотой нөхөр Доо насан эцэс болсонд хамт алба хааж байсан ажилчин албан хаагч бид гашуудан ёсолж, шударга зүтгэлий нь тэмдэглэн дурсаж байна гэж дэлгүүрийн нэг албан хаагчийг авсны өмнө зогсон үг хэлэхэд, тэр албан хаагчийн цаана манж автономийн үед хилс хэрэгт унагааж, эрүү шүүлт тулгаж зовоон үхүүлсэн мангаа Доогийн өөрийн гараар буудан алсан гэм зэмгүй олны цаанаас бароны зандалчин Сипайлын “Ха-ха-ха! би ба чи хамт ажил хийсэн, хамт энд хэвтэнэ, ха-ха-ха!” гэж хүйтнээр инээхий нь сонсоод хамаг бие нь арзасхийж,

-Би шударга хүн биш ээ. Би олон хүний мах цус идсэн мангаа Доо гэдэг түшмэл ээ! гэж ичих нулимс нүднээс нь гоожин, хацры нь хайлсан тугалга мэт түлж,

-Би шудр… гээд мэнгэртэй цээж нь хэржигнэн ойчиход,

-Манаач гуай, та яав аа? гээд хажуунаас нэг хүн өнөө модон вандан дээр нь аяархан түшиж суулгах шиг болохыг мэдээд, ухаан балартан, амьсгал нь тасарчээ.

зохиолч Б.Ренчин

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s