Хүйтэн хана (Antifaschistischer Schutzwall)

Дэлхийн дайн 1945 онд дуусахтай зэрэгцэн хуучин “Нацийн” эзэнт гүрний мэдэл дэх газар нутаг холбоотнуудын гарт орж эхлэх нь тэр ээ. Холбоотнууд гэдэг нь яг үнэндээ тухайн үеийн түрхэн зуурын эрх ашигт нэгдсэн нэгдэл байсан болохоос биш хоёр тал шал өөр зүйл харж, дэлхийн ирээдүйг өөр өөр тогтолцоогоор мөрөөдөж байлаа. Английн эзэнт гүрэн 1948 онд Энэтхэгт колоничилолоо алдсанаар цаашдын үр дагавар болох эрх чөлөөний өөр нэгэн эрин, Африк, Ази дахь империализм дуусах нь тэр. Яг энэ л торгон агшин дэлхийн дайдыг чичрүүлэн явсан Германчуудын хувьд хоёр өөр системийн золиос болох гашуун ирээдүйг авчирсан юм.

Хоёр систем хонь чоно хоёр тул хооронд нь ямар нэгэн заагласан бат бөх үзэл сурталын зэвсэг хэрэгтэй. Зэвсэгийг мэдээж тархи угаах, хил хаах, хүчээр албадах, эс чадвал амийг нь авах гэсэн үндсэн хэдэн аргаар хийнэ. Нэг нь нэгийгээ хүний эрх чөлөөг боомилогч гэж харааж байхад нөгөөдөх нь капитализмаар бие биенээ мөлжигч, пролетарийн ариун хөдөлмөрийг завшигч гэж дуу алдана. Гэвч хэдий ингэж үзэл сурталдаад үзлээ ч гэсэн нэг нь нөгөөгөөсөө хамаагүй баян болохоор ганцхан шил “Кока кола” бэлэг болгон өгөхөд л нөгөө пролетариуд нь бодит байдал эрх баригчдынх нь ярианаас шал өөр болохыг ойлгочихно.

Одоо хэлээд итгэхгүй, яриад сэнхрэхгүй болохоор хана барихаас өөр арга зам Москвад байхгүй болчихлоо. Нэгэнтээ л энэ системтэй ямар нэгэн тохиролцоонд хүрэхгүй учраас бүх юм буянаараа болог гээд хана барьж амьдархаас цаашгүй.

1961 оны 8 сарын 13-нд энэхүү тусгаарлан хорих амьдарлын шоронг коммунистууд бариулж эхэллээ. Ердөө хэдхэн долоо хоногт энэхүү үндэстэн болоод системийг, цаашлаад эх дэлхийг 28 жилийн туршид хуваасан аймшигт хана амиллаа. 45 км хэртэй энэ урт хана коммунистуудын хувьд халдварт өвчнөөс хамгаалах хамгийн сайн арга байсан бол Германчуудын хувьд цаашлаад эрх чөлөөнд хайртай хүн болгоны хувьд ичгүүр шившигийн бэлэг тэмдэг байлаа.

Хана зүгээр нэг хашаад өрчихсөн хана байсангүй. Цахилгаан өргөст утастай, газар доороо байгууламжтай, харуул хамгаалалтын цамхагтай гээд шүдээ хүртэл зэвсэглэчихсэн хөрөнгөтөнүүдийн талд урваж шарвасан хэний ч болов амийг тас татах аймшигийн байгууламж байж.

28 жилийн туршид нийтдээ 5000 хүн амжилттай оргосон ба эдгээр азтай иргэд ёстой л хийморьтой тулдаа энэ хананы цаана гарч “Кока Кола” шимжээ.

Цаг үе өнгөрсөөр “Зогсонги үе” ирлээ. Өдөр бүр зурагтаар социализмын материал хангамжийн бааз сар бүр ахиж байгааг зарлаж ургаагүй хөвөнг ургасан болгож, таригдаагүй буудайг тариад, хураагаад авчихсан гэж хошгоруулна. Эхэндээ хүмүүс итгэнэ, тэгээд хэсэгтээ эргэлзэнэ, дараагаар нь эрх баригчдын чулуу хөөлгөсөнийг ойлгоно.

Харин 22 жилийн өмнөх 11 сарын 9-ний өдөр буюу өнөөдөр “Берлиний хана” нурлаа. Дэлхий нэг боллоо. Эрх чөлөө гэдэг ойлголт одоо хажууд тань байгаа хүний эрх чөлөөгөөр л хязгаарлагдах боллоо.

Би 4 жилийн өмнө энэ их үзэл ядалт, “Хүйтэн дайн”, зэвсгийн хүчирхийлэл үгүй болсон гэж бодож байсан юм. Харин надад “Английн яруу найраг” заадаг байсан нэг Солонгос багш энэ дайн одоо хүртэл дуусаагүй байгаа гэдгийг тайлбарлаж билээ.

Өмнөд Солонгост хэзээд дайн болоход бэлэн. Үргэлжийн түгшүүртэй, адилхан эцгийн хүүхдүүд хэрнээ юунд ингэж хоёр хананд тус тусдаа толгой хорогдоно билээ дээ гэж бодмоор. Гэвч нөгөө “Берлиний хана” 50 жилийн өмнө тусгаарлачихсан эрх чөлөө одоо болтол тэнд байсаар байна. Өдий болтол нэг зурагтаар нэг хүнийг гэгээнтэн болгож харан, бүх буруугаа, ядуурлаа цөөхөн хэдэн оронд булзайчихаад байж байдаг системийн ялзарал тэнд одоо ч гэсэн үргэлжилсээр.

Магадгүй Ким Ир Сений нөгөө өөрөө өөрийгөө хангах гэдэг ямар ч утгагүй “Чүкче” үзэл үгүй болсон үед л “Берлийний хана” бүрэн нурсан гэж үзэж болох юм. Тэр өдөр хорвоо дээр их сайхан өдөр болох байх. Гэхдээ бас тэр өдөр тун удахгүй мөн л “болох байх”.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s