Уулзалт

(Энэхүү өгүүллэгийг би зориуд орууллаа. Монгол өгүүллэгийн судсыг барихад төв болох өгүүллэгүүдийг бүгдийг нь бас оруулах болно.)

Хатанбулаг сумын төвд оройхон очлоо. Сумын зочид буудалд  жижүүр гэж байхгүй юм байна. Эрхлэгчийг нь олуулахаар жолоочоо явуулаад өөрөө би бууж үлдлээ.

Буудлын том байшингийн урт коридорт арваад хаалга байна. Ихэнхи нь цоожтой, хоёр өрөө нь л онгорхой. Нэгнийх хаалгыг дэлгээд хаячихсан тамхины утаа цэнхэртэн суунаглаж, нөгөөхөд нь баахан хүмүүс шуугилдаж байна. Шагайгаад харсан  арав гаруй хүн ор, сандал дээр ундуй сундуй сууцгааж, ширээн дээр ч, шалан дээр ч хэвтээ, босоо лонх үзэгдэх нь архидаж байгаа бололтой.
Тэд нарын дунд ганц эмэгтэй байх бөгөөд үгүй тэрний дууных нь чанга, инээхийн нь муухай гэж юухэв. Хүн хүний өвөр дээгүүр тэгнэн унаж аальгүйтэн хөхөрнө.
Гараад буудлын үүдэнд зогсож байтал өндөр шар хүн ирж мэндэлсэн нь сумын дарга гэнэ. Улаанбаатарын тэрэг хараад ирсэн гэнээ.
Үгүй тэгээд тэр буудлын люкс өрөөнийх нь нэг түлхүүр мань хүнд байдаг бололтой. Шууд онгойлгож орлоо. Төдөлгүй буудлын эрхлэгч нь ч ирж хоол унд бэлдэх юм боллоо.
Тэгээд дарга бид хоёр сум орны ажил байдал, бороо хур,  газрын гарц,  малын тарга хүчний тухай юухан хээхнийг ярилцжээ байтал дарсан хөмүүлийн үнэр хан хийж, хоол оруулж ирлээ.
Гараар хөшиглөсөн бөөн бөөн махтай, тасалсан гурилтай энэ эгэл бор шөл, дарсан хөмүүл эгээ л ээжийн минь хийдэг гарын хоол санагдаж Хатанбулаг гэсэн нэр дуулдах төдий сэтгэлд овос хийдэг багын дуртгал маань дахиад л хэнзлэн амиллаа. (хөгжим)
… Намайг Хөвсгөл сумын дунд сургуульд байхад Хатанбулагийн бага сургуульд төгссөн хэдэн хүүхэд тавдугаар ангиас манайд шилжин ирж надтай нэг ангид орсны дотор Баттогтох гэж нэг жижигхээн бор охин байсан юм.
Өөр сумнаас ирсэн хүүхдүүдийг  нэг хэсэгтээ харилхаж гадуурхдаг  нь ёс юм газар, би ч бас яаж ч зүгээр байхав эхэндээ шоглоод уйлуулчихдаг л байлаа.
Тэгэхнээ хоёрдугаар улирлаас  ангийн багш суудал дахин хуваарилахдаа Баттогтох бид хоёрыг нэг паартанд суулгачихлаа.
Баттогтох дотуур байранд суух. Ээж маань сургуулийн галч. Дотуур байр, хичээлийн байрны арван хэдэн пийшинг галлана. Ээж бид хоёр өглөө зургаан цагт босоод л ажилдаа орно шүү дээ. Өчигдрийн бэлдсэн түлээгээрээ ээж пийшингүүдээ галлаж, би түлээний хашаанаас заг үүрнэ. Ээж бүх пийшингээ галлаж дуусаад цайгаа чанахаар гэр рүүгээ явахад би түлээ хагалах, пийшинд гал нэмэх ажилтай үлдэнэ.
Өвлийн нэг өглөө нар битүүгээр загаа хагалж байгаад   загны үсэрсэн  хугархайг дагуулан хараадахсан хажууханд маань нэг  хув ишиг шиг юм сүүтийгээд зогсож байна. Цочсон гэж юухэв. Үгүй тэгэхнээ Баттогтох.
– “Хүүе чи яаж яваа юм бэ” гэвэл дуугарсан ч үгүй.  Тэгээд намайг заг хагалдаг чулуу руугаа алхахад май гээд бээлийгээ сарвайж байна. Уг нь ч шуургатай өглөө цанатай чулуу нүцгэн гараар барина гэдэг тийм ч таатай ажил биш боловч үгүй одоо эмэгчиндээ гайхуулах нэг муу эр амьтны байгалийн сэрэл хатгасан уу яасан, онц сурлагатан, пионерийн бүлгийн дарга миний манлайлал дууриалал, нөлөөлсөн үү бээлийг нь авсан ч үгүй.
Баттогтох бээлийгээ сарвайсан хэвээрээ хэсэг зогссоноо гэнэтхэн шийдэв бололтой ухасхийгээд баахан заг тэврээд байшин руу орлоо.
Төдхөн миний хагалсан түлээг цөмийг нь зөөгөөд пийшингүүдийн үүдэнд  хуваарилан тавьжээ.
Түлээгээ хагалж дуусаад орж шалгавал үгүй тэр хожуул, мөчрийг нь тэнцүүлэн хурааж тавьсан нь надаас хамаагүй илүү байсанд гайхаж тэр жижигхэн бор охиныг анх удаа тоож билээ.
Тэрнээс хойш Баттогтох маань өглөө болгон  л ээжийг гэр рүүгээ оров уу үгүй юу л гүйгээд ирнэ. Бид хоёр түлээгээ оруулчихаад хэдэн пийшингийн гал нэмэж өрдөнгөө,  хоёр хүн тэврээд ч хүрмээргүй бүдүүн хар пийшингийн хананд алгаа нааж хэр халж байгааг нь шалгана. Тэгээд бүлээсч эхлэж байгаа пийшингийн хананд нуруугаараа наалдаж зогсоод ярьж гарна даа.
Үгүй тэгэхэд чухам юу ярьдаг байсныг одоо сайн санадаггүй юм. За лав хайр дурлалын яриа байгаагүй. Гэхдээ тийм яриаг орлох  нэгэн зүйл байсан нь одоо болтол сэтгэлийн мухарт гэгээн хөндүүр болон үлдэж дээ.
Бид хоёрыг тэгээд пийшин налаад зогсож байхад  хоёр гар маань чанга атгаастай, бүр хөлөрчихсөн байдаг сан.
Бид хоёрын хэн нь хэнийхээ гарт эхлэж хүрснийг бас мэддэггүй юм.  За бодвол  хоёр гар л өөд өөдөөсөө явсан, тэр нь бидний хүсэл биш гарны л ажил мэт санагддаг байлаа.
За ямар ч л гэсэн тэр хоёр жаалхан гар бидний мэдэхгүйг мэдэж, ярихгүйг ярьж байж дээ л гэж бодогддог юм.
Хавар тийшээгээ Баттогтохын ногоон даалимбан дээлийн энгэр сэмрээд ирэхэд “за даа энэ ч заг тэвэрснээс л боллоо доо”  гэдгийг би сайн мэдэж байсан ч гэсэн “за яахав, хожим том болж байгаад торго авч өгнө дөө” гэсэн шүү юм бодон сэтгэлээ зогоож, хүний хүүхдийн дээл уруулсан нүглээ нимгэлдэг байсан шүү юм болов уу даа.
Хавар болж хичээл тараад, өөр сумын хүүхдүүд  шуудангийн машинд суугаад дуулалдаад яваад өглөө. Харвасан сум шиг өнгөрдөг зуны амралтын гурван сар үгүй тэр жил барагддаг юм биш.  Үгүй тэгээд сургууль цуглахыг тэсэн ядан хүлээсэн маань эрдэм номондоо цангасандаа ч биш Баттогтохыг л санасан хэрэг байсныг хичээл цугласанаас хойш бүр ч сайн мэдлээ.
Хатанбулгийн хүүхдүүд есөн сарын таван гэхэд бүгдээрээ ирчихээд байхад ганц Баттогтох л байдаггүй.  Нутгийн хүүхдүүдээс нь асуухлаар  “зун уулзалдаагүй, мэдэхгүй” гэсэн хоёрхон үгээр л хариулна.
Зургадугаар ангийн хичээл амаргүй ээ. Дээр нь Баттогтохыг бодох өвчин толгойноос салахгүй болохлоор хичээл дээр ч гэсэн машин дуугараад байгаа юм шиг  санагдаад л байн байн цонх руу өндөлздөгсөн.
Тэгтэл намар тийшээгээ харин сураг дуулдлаа. Зайлуул эмээ нь нас бараад ээжтэйгээ хоёулахнаа үлдсэн болохоор аргагүйн эрхэнд мал дээр гарсан байна билээ л дээ. (хөгжим)
… Сум нэгдлийн дарга  буудлын эрхлэгчээр хармагны коньяк  нэг лонхыг авчруулж задалж уугаад өглөө ирэхээр тохиролцож гарлаа.
Хажуугийн өрөөнд түрүүчийн хүмүүс найрласаар. Үгүй, нөгөө шар хүүхний эрээ цээргүй муухай инээд ясанд хадаж, зэвүү хүргэсээр байсан ч аян замын ядаргаа, нутгийн хатуу дарсны ааг хоёр хэргийг нь хийв бололтой нам унтчихаж.
Өглөө эртээ босоод өчигдөрийнхөө ажил явдлыг тэмдэглэн бичиж дуустал дарга ч ирлээ, цай цүй ч бэлэн боллоо. Тэгээд цай ууж суунгаа “Үгүй танай суманд юу Лимбийн Баттогтох гэж нэг эмэгтэй байх ёстой” гэж намайг үгээ зөөж ядан хэлэхэд дарга “За тэгээд” гэсэн харцаар над руу ширтэн дараачийн үгүүлбэрийг адган хүлээлээ. Би ч шалавхан  “Үгүй үгүй, юу надтай хамт нэг ангид сурч байсан юм аа” гээд чимээгүй боллоо.
Сумын дарга ухасхийн босоод хаалга онгойлгож, цээжээ гадагш цухуйлгаад, “Баттогтох оо, хөөе Баттогтох” гэж хашгирвал цаана нь хөлийн чимээ  гарч “юу вэ” гэх бүсгүй хүний дуу дуулдлаа.
Тэгсэн даргыг дагаад өнөөх муухай инээдэг шар хүүхэн чинь нүд нь бүлцийчихсэн юм орж ирдэг ийн. Лээ?
Дарга, “За Баттогтох оо ангийн чинь хүүхэд ирчихээд байна даа. Таньж байна уу” гэвэл өнөөх шар хүүхэн   учиргүй тас тас хөхөрснөө, гэнэт, гэнэт царай нь хувьсан дөлгөөн болж намайг хэсэг ширтээд,  “-Үгүй энэ чинь Лхагва аа юу даа? гэж сулхан дуугарлаа. Би ч сая Баттогтохоо танилаа. Инээхгүй байхдаа, сулхан дуугарахдаа багын Баттогтохоос үлдсэн  өчүүхэн төс нь сэтгэлд эргэж  буулаа.
Миний сэтгэлийн гүнгэрваанд гучин хэдэн жил залаастай явсан зул дальдчин “еэ халаг уулздаггүй л байж дээ. Тэгсэн бол миний багын Баттогтох энгэр нь сэмэрсэн ногоон дээлтэй , номхон бор охин хэвээрээ.  Хар пийшин налаад гараа атгалцан зогсож байсан тэр янзаараа насан туршид сэтгэлд минь мөнхрөх байсан даа” гэж  бид бодож амжлаа.
Харин Баттогтохын хувьд миний тухайд  юу гэж бодож суусныг хэн  мэдлээ. Тэгээд яахав бид хоёр хүний ёсоор таван үг сольж, өглөөний цай хамт уугаад саллаа.
Хүүхдүүддээ өгөөрэй гэж цүнхнээсээ чихэр атгаж өгсөн маань    нөгөө багад заг тэврүүлж урсан дээлнийх нь оронд торго авч өгнө дөө гэж бодож явсан багынхаа хүслийг яавч гүйцсэнгүй.
Хорвоо чи хүний үрээр хайр найргүй тоглох юм даа.
зохиолч Ж.Лхагва
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s