Анхны зурвас

(Энэхүү өгүүллэгийг би зориуд орууллаа. Монгол өгүүллэгийн судсыг барихад төв болох өгүүллэгүүдийг бүгдийг нь бас оруулах болно.)

Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй хоёр салаа гэзэгтэй торгон савхины түрийд шалигүй нарийдсэн шилбэтэй байжээ. Би завсарлага бүхнээр ангийн хавьцаа эргэлдэж, дараагийн завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудаг сан. Түүний ангийхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө.
Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж нааш цааш мөн л олон гардаг сан. Нэгэн шөнө ангидаа би түгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж билээ. Лааны гэрэлд цаасны өнгө шарланги, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ. Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн  сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг үл  мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуугархад давхийн цочиж, бичиж байгаа захидлаа шүүрэн авч базчихаад хөлийн чимээ тасарсан хойно , дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тийнхүү шөнөжин бичсэн илгээлтээ өвөртөлчихөөд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дөрвөлжин  газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан төмөр авдар шиг  хариуцлагад тохогдсоноо мөч бүр ухаарч байлаа. Түүнийг гардуулах эвтэй мөчийг хүлээж хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чам руу чиглэсэн. Трамплин дээрээс үсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах гагцхан найдвар эх дэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин өнгөрөх шиг хол байсан. Дотно байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хөндий байсныг тэгэхэд би гадарлаж билээ.
Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзэгээ годогнуулж гүйх шахам булан тойрсон, би сургуулийн үүдэнд ургаатай юм шиг яахаа ч мэдэхгүй зогссоор л байлаа…
Маргааш нь дөрөвдүгээр цагийн завсарлагаанаар танай ангийн Чимгээ ирж миний алгебрийн номыг гуйгаад эргүүлэн өгөхдөө их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэнт дуугарч , багш журналаа барьсаар айсуй тул анги анги руугаа эргэн гүйлдлээ.
Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дөрөв нугалсан дэлбээ цаас нүднээ тусав. Түүнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд нь хийвэл тийм хүндтэй юм хадгалж явахад хуучин муу цүнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зүрхний цохилт түргэсэн хацар улайж,хуучин муу цүнхнийхээ оосроор гараа ороож барьчихаад хичээл тарахыг ирээдүй мэт хүлээв. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаар дөлөн явсаар замын баруун овоон дээр гарч суугаад  уул зурвасыг задлан үзлээ. Дэлбээн цаасны голд  ““ 10Б- гийн тэнэг” дахиад өгвөл багшид хэлнэ дээ” гэж нямбай нь аргагүй бичээд нэрээ ч тавьсангүй. Би өндийн сууж зам руу харлаа. Нөгөө аймаг даяар магтагдаад байгаа шинэ ирсэн эмч хүүхэн төмөр замын инженер залуутай хөхрөлдөн явна. Олигтой ч хүүхэн биш л байна.  Харин миний муу хуучин цүнх  тэгтлээ гологдоод байх эд биш байлаа. Нөгөө зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал зөвхөн “ 10Б-гийн тэнэг “ гэдэг  нь л үлдэв. Би түүнийг зажилж зажилж залгичихлаа. Дотор ,сэтгэл хоёр адилхан горойж  залгисан зүйл маань их л хатуу  байлаа. Түүнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завьж даган атганд орсоор л байв.

зохиолч Ж.Лхагва

Advertisements

One thought on “Анхны зурвас

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s