First Kids

Цагаан ордонд амдарлынхаа хэсэг хугацааг үлдээнэ гэдэг том аз завшаан. Тэрхүү ерөнхийлөгчийн эрхэмсэг харш энгийн нэртэй хэрнээ манай дэлхийн хамгийн олон хүний анхаарлыг татаж, хамгийн олон хүний амьдралд нөлөөлж байдаг газар. Мэдээж их гүрний босс тэнд амьдарч, ажиллах болохоор доошоогоо нууц өрөө, бүр эсвэл хэнд ч мэдэгдэхгүй цаг нь тулсан үед хоргодож болох далд газрууд гээд байгаа байх. Энэ мэтийг тооцолгүйгээр эрхэмсэг харш нийт 132 өрөөнөөс бүрддэг болой. Харин ерөнхийлөгчийн гэр бүл энэхүү харшийн хоёр дахь давхарт нийт найман өрөөг өөрсдийн хувийн амьдралдаа ашигладаг байна. Гэр бүлийн гишүүдээс хамгийн завгүй нь ерөнхийлөгч, хамгийн их санаагаа чилээдэг нь тэргүүн хатагтай, харин хамгийн их бусдын шохоорхол хайрыг татдаг нь тэдний хүүхдүүд. Тийм ээ тэд бол өнөөх First Kids of the U.S.

Одоогоор энд амьдарлаа өнгөрөөсөн хүүхдийн тоо даруй хоёр зууг давжээ. Тэдний зарим нь энэхүү оногдсон заяандаа маш их сэтгэл амар, өег байсан бол зарим нь эцгийнхээ албан хугацааг дуусахыг хоног тоолон хүлээдэг байсан үнэн түүх бий. Хаашаа ч явсан салахгүй сэтгүүлчид, зурагчид, хамгаалалтын албаныхан. Тэдгээр хүүхдүүд бүгд л хүн болсон хойно хувийн өчүүхэн ч атугай нууцтай байхыг хүсдэг л байсан байж таараа. Бас л нэгэнтээ хүний үр болсон учир олны хайрыг үргэлжид татдаг байсан байх гэж бодмоор. Гэтэл тэд яг тэгдэг байсан уу? Үгүй юу?

Линкольний Тад ба Вилли хоёр (1861-1865)

Түүхэн ерөнхийлөгчийн хүүдээ бичсэн уянга, ухаарал дүүрэн захиа нь ихэд алдартай. Тэрээр дөрвөн хүүтэй байсан боловч харамсалтай нь хоёр дахь хүү Эдди нь түүнийг энэ албанд сонгогдохоос өмнө өөд болчихсон байжээ. Том хүү Роберт коллежийн оюутан тул амралтаараа л “Цагаан ордон”-д ирнэ. Тиймээс энэ үеэр ах дүү Вилли болон Томас хоёр жинхэнэ авч өгчээ. Томасыг Тад гэж Линкольн ерөнхийлөгч дуудна. Энэ нь tadpole буюу шанаган хорхой гэсэн үг. Товчлоод Тад. Монголоор хамгийн дөнгүүр орчуулга нь “Өрөмний өт” юм болов уу. Ах дүү үнэхээр дэггүй хүүхдүүд байжээ. Хүмүүсээр тэр дундаа “Цагаан ордон”-ы ажилчдаар дандаа дайжигнана. Хуурамч дуудлага өгнө. Жүжиглэж энэ тэр дамшиглана. Ордоны их танхимд хоёр ямаа оруулж ирчэхээд морь болгож унаж зүггүйтнэ. Нэг удаа бүр зочдын танхимд шөнөөр тоглоомон пялттай буу тэсэлж гал алдах дөхсөн байдаг байна. Тад нэг удаа албан ёсны хүндэтгэлийн зоогон доор лемоны хүчилтэй ус зочдод зарж үзэх гэж хүртэл дэггүйтэж байжээ.

Бас л дахиад эмгэнэлтэй хагацал эдний гэр бүлд тохиолоо. Вилли нас барлаа. Энэ удаа Тад “Цагаан ордон”-д ганцаараа үлдлээ. Аав нь ч үүнийг нь ойлгож хүүдээ ам өчиг өгсөн нь ямар нэгэн хэрэг болвол аль ч үед хамаагүй ерөнхийлөгчийн ажлын хаалгыг гурван удаа удаан, хоёр удаа хурдан цохих нэг ёсны нууц код байлаа. Хэрэв ийм хэрэг гарвал аав нь хүүдээ ямар ч байсан хамаагүй цаг гаргана гэсэн үг байж.

Тад аавынхаа цэргийн эрхмүүдээс шалсаар байгаад дэслэгчийн мөрдөстэй өөртөө таарсан жижигхэн дүрэмт хувцас хийлгэж авчээ. Тэрүүгээрээ цэргийн ёслол хийж байна гэж “Цагаан ордон”-ы ажилчдийг нэг сайн жагсаадаг байсан гэнэ. Нөгөөдүүл нь хүүд хайртай ч гэсэн тэсэлгүй “Цагаан ордоны дураараа дургигч” гэж Тадыг нэрлэсэн байна (tyrant of the White House).

Жесс Рут Грант (1869-1877)

Улиссес Грант гуай Америкийн иргэний дайны жилүүдэд гэртээ хэдэн сараар ч хамаагүй эзгүй байдаг байлаа. Харин ерөнхийлөгч болсноосоо хойш хүүдээ цаг ихээр гаргах боломжтой болжээ. Хүүтэйгээ ордоны тагтан дээр цэлмэг шөнөөр гараад оддыг дуранддаг, хүүгийнхээ хүсэл, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөхөд бүх талаар дэмжигч нь байв. Жессийн ах нар бүгд коллежид байсан хэдий ч түүний найзууд “Цагаан ордон”-д үргэлж ирж, очин зугаацдаг байсан байна. Ерөнхийлөгчийн гэр бүлийн бас нэг чухал заншил бол ямар нэгэн амьтан гэртээ тэжээх ёсон. Гэвч Жессийн тэжээсэн болгон нь нэг л болж өгөхгүй үхэж үргэдээд байж. Сүүлд харин Old Faithful гэх нохой тэжээж эхэлжээ. Ерөнхийлөгч ч бас ордоны ажилчдад “ Хэрвээ энэ амьтан тэсэхгүй үрэгдчих юм бол та нар бүгдээрээ ажилгүй болно шүү” гэж анхааруулсан байна. Аз болж Old Faithful хангалттай урт насалжээ.

Рузьвелтийн өнөр гэр бүл (1901-1909)

Хамгийн залуу ерөнхийлөгч зургаан хүүхэдтэй. Бүгдээрээ амьтанд хайртай дуртай тул энэ үед “Цагаан ордон” түүхэндээ хамгийн олон амьтан тэжээж байлаа. Жижиг давжаа морьноос авхуулаад гэршүүлж болох бүхий л амьтад хүүхдүүдийн гарт байв. Охин Алис нь ногоон өнгөтэй могойтой тоглоно. Түүнийгээ цайллаган дээр зочдод үзүүлж гайхшралийг нь барна. Могойг “Эмили бууцай” гэнэ. Авга эгч Эмилитэй нь адилхан нарийхан, бууцай мэт ногоон өнгөтэй тул тэр. Алис “Америкийн гүнж” нэрээр олон хүний сэтгэлд үлджээ.

Кальвин Куулижийн гэрийнхэн  (1923-1929)

Хоёр хүүтэй байсан ерөнхийлөгч Куулиж хүүхдүүдээ хамгийн сайн гараар барьдаг байсныг, тэднийг барагтай л бол цэнгээнт үдэшлэг, баяр зэрэгт дураараа явахыг зөвшөөрдөггүй байсан нь хүмүүст тэдний гэр бүл ихэд таалагдахад хүргэжээ. Эдгээр хөвгүүдийн ээж тэргүүн хатагтай Куулиж нэлээд цовоо сэргэлэн эмэгтэй байлаа. Хөвгүүддээ бүжиг заалгуулах дуртай байсан ба тэд ч олон төрлийн бүжгээр хичээллэж “Цагаан ордон”-д дуу хуур хөгжөөдөг байсан гэнэ. Баяр баясалтай жилүүд эхлэх нь тэр. Хамгийн анхны Христмасын гацуур мод мөн л эдгээр хөвгүүдийн үед засагджээ. Эмгэнэлтэй зүйл тохиолоо. Кал өвчнөөр өөд болов. Америк даяар бүх албан газрын ажиллагаа зогсож түүнийг гашуудлаа.

Кеннедигийнхэн (1961-1963)

Залуухан ерөнхийлөгч маань албандаа очихоосоо өмнөхөн шинээр хүүтэй болжээ. Хүүтэйгээ албан өрөөндөө тоглоно. Хүүхдүүд сургуульдаа гадагшаа бус “Цагаан ордон” дотроо хичээллэчихдэг байсан тул аав нь нисдэг тэргээр гэртээ буцаж ирэхэд нь цонхоор байнга далладаг байлаа. Макарони гэдэг давжаа морьтой. Амралтаараа далайн эрэгт хүүхдүүдтэйгээ усанд сэлж байсан бичлэгүүд нь одоо ч гэсэн байдаг. Гэвч хүүхдүүд аавыгаа энэ албанаас нь болж үүрд алдсан билээ. Ерөнхийлөгч Кеннеди эрч хүч, шинэ Америкийн бэлэг тэмдэг байсан бол тэдний хүүхдүүд Америк ертөнцийн жараад оны нэгэн тод илэрхийлэл байлаа.

Жонсоны охид (1963-1969)

Ерөнхийлөгч Жонсоны бүтэн нэр нь Линдон Бэйнес Жонсон. Эхнэр нь Лэди Бөрд Жонсон охидууд нь Линда Бөрд Жонсон, Люси Бөрд Жонсон. Адилхан нэртэй энэ гэр бүл цагаан ордонд нийт 6 жил амьдарсан юм. Охидууд нь 16-тай байхдаа найзуудаа гэртээ авчирчээ. Ил галтай өрөөнд унтахаар болсон тэд шөнө аймшигийн юм ярих гэсэн үү, яасан ямар ч байсан ил галаа нэлээд хүчтэй ноцоочихож. Яндангаа нээхээ харин мартаж орхижээ. Удалгүй том өрөөгөөр дүүрэн утаа тортог болсон ба тэр шөнийн явдал ордоны ажилчдийг яггүй сандаргаж. Удалгүй коллежид ороод залуустай болзоонд явах гэхээр хамгаалагчид байнга дагаастай тул тэдний араас хүссэн аавын хүү нь сэтгэл шулууддаггүй байлаа. Эцэст нь Люси ч гэрлэж, Линда ч хадамд очжээ.

Челси (1993-2001)

Олон First Kids олуулаа байсан бол Челси Клинтон ганцаараа 12 настайдаа “Цагаан ордон”-д амьдрах боллоо. Хөлбөмбөг тоглодог, одон оронч болох мөрөөдөлтэй тэрээр шинээр шилжиж очсон сургуульдаа шаггүй их өөрчлөлт авчиржээ. Түүнийг ангид байхад хэн нэгэн бие хамгаалагч нарын зөвшөөрөлгүй орж гарч болохгүй болохоор байнгын ийм төвөгтэй байдал нь эхэндээ сургуулийнхан Челсид бухимдах шалтгааны нэг байлаа. Гэвч аажимдаа Челсид сургуулийнхан бухимдахаа байж дүрэм журам ч үгүй болжээ. Нэг удаа телевизээр Челсиг бүтэн сайны сүмийн цуглаан дээр суугаагаараа унтаж байхыг гаргалаа. Хүмүүс ч энэ явдлаас хойш Челсид тасралтгүй захиа бичиж хэвлэл мэдээллийн бөмбөгдөлтийн эсрэг хүчтэй байхад нь тусласан ажээ.

Хэдий дэлхийн хамгийн их анхаарлын төвд байдаг хүүхдүүд ч гэсэн тэд хүний л үр хойно инээд баясал, баяр хөөр, амьдарлын аз жаргал, гэнэн цайлган, томоогүй гээд олон өнгийг Америкад төдийгүй дэлхий даяар хүүхдийн сэтгэлээр цав цагаан цаасан дээр зуран үлдээжээ.

Advertisements

One thought on “First Kids

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s