Наран гялбаа

Өдрийн наран хэлбийж салхи залхуутай хэмээр үлээн ойн модод шүүрс алдан хөнгөн хэмээр хөдөлнө. Моддын доор амьдрал өрнөх ба улаан шоргоолжууд харин чиг ажлаа хийж өгч, барагдаж үл дуусах хөдөлмөрөө хээв нэг явуулсаар. Царцаа шуугиж, шувуу жиргэж, энд тэнд хэрэм гүйлдэн байх ахуй. Ой бол тэр чигээрээ оньсого, түүнийг судлан тайлах нь энэ хэрээрээ их ухаан л.

Харин ойн дээрх амьдрал бол үүлгүй хурц нарнаар өнгөлсөн хэт халалт байх боловч мөн үүнээ үгүйсгэж чадах салхи хаяа нэг хүчтэй сэвшээнэ. Салхины бүжиг гэж мэдэрмээр. Нүдэнд үзэгдэхгүй тэр салхи хорвоо ертөнцийн хаа сайгүй хүйтэн дулааны хооронд хэрэн хэсэн явна. Алаг ервөнцийн жаргалтай нэгний магнайг сэргээж, зовлонтой нэгнийх нь нулимсийг өмнөөс нь өөрөөрөө арчиж өгөх, эрх чөлөөтэй, дураараа бүжих салхи гэдэг гайхамшигтай.

Зуны эхэн найр наадмын оршил болох эл өдрүүдэд байгаль ийм амар байх нь энэ газрын сайных бололтой. Алсад уртаа цуваа зам дээр үүсэж, хүн бүр хотын чийгтэй байраа зуслангийн цэвэр агаараар солих хүсэлтэйг харуулах мэт нөгөөх улаан шоргоолжууд адил үл  тасрана.

Гэрэлтуяа хэвлий дэх үрээ агаар амьсгалуулж, өөрөө өдрийн халуунд ойн сэрүү бараадахаар гэрээс гарч ойн зүг аажуухан алхлаад хамраараа түрүүн бүжсэн салхийг мэдэрч Чинбатыг ирэхийг хүлээн түр зуур зогсоод эргэж нэг харан

–        “Сайхан өдөр болно оо, сайхан л өдөр болно” гэж өөртөө шивнэнэ.

Одоо орчин тойрноо харахад зун цаг үнэндээ л ертөнц дэх зуурдын нэгэн жаргал гэдгийг ухаараад, ийм цэнгэл жаргалын үеэр үрд нь цэнгэг агаар, нам тайван орчин олдсонд олзуурхлаа.

Гэрэлтуяа хэний ч сэтгэлийг эзэмдэж чадах, хар багаасаа л гэрийн үүдэндээ хавийнхаа битгий хэл холын олон хөвгүүдийг цуглуулдаг, тэдний зүрхэнд олон өнгийн ус хуруулж явдаг гэрэлтэй туяа. Тийм цаг бол байж. Нэгэнтэй нь үерхэж нөхөрлөхөөрөө түүнийхээ найз нөхөд бас нэгэнд нь дасна. Улмаар түүнтэйгээ тиймхэн болно. Төдөлгүй өөр нэгнийг хойноосоо гүйлгэж, гүйлгэж нэг үерхэж нөхөрлөх. Үеийн охидууд нь Гэрэлтуяад эхэндээ илтээр атаархдаггүй, үг хэл барьдаггүй байсан ч гэсэн сүүлдээ бүр нилээд хойно оюутан болсон жилүүдээс янз бүрээр хэлдэг болж, утсаар сүрдүүлэхдээ хүртэл тулжээ. Гурвалжилж, дөрвөлжилж байдаг хойно тэр л дээ. Гэвч энэ төрлийн учир хэрэгт ганц зэргийн сүрдүүлэлт бол байх л явдал. Тэр сүрдүүлэг нэг их явалгүй дарагдахад Гэрэлтуяа эргээд толинд өөрийнхөө гэж заримдаа итгэж эс чадах нүд хөмсөгөө тольдоно. Тэгж тольдон байхдаа зөвхөн өөрөө өөртөө л авдаг нэгэн жаргалаа эдэлдэг байжээ.

Өнөө өглөөний хувьд толь өөр болсон байлаа. Махлагдуу, том шанаатай болж, нүүр нь өргөсөөд ч байгаа юм шиг, нилээд таргалжээ. Толинд харахад ийм байхад нүдэнд үзэгдэхэд бүр тиймхэн байгаадаа гэж өөрийгөө голмоор. Жирэмсэн байхад сэтгэл хөдлөөд өөр байдаг болоод тэр үү, үүнийгээ бодоход нээрэн жаахан тиймхэн. Тэгээд энэ шинэ амьдралд дасахгүй гээд хаачих билээ.

Шинэ амьдралд нь бас ч болоогүй нэг гойд жаргал бий. Тэр жаргалыг Гэрэлтуяа орой болгон Чинбатын тэврэх тэврэлт, үнсэж үнэрлэх хайр, ирээдүйг зөгнөх халуун дулаан ярианаас авна. Жаргал гэгч авах үедээ хичнээн сайхан эд вэ ээ гэмээр. Гэрэлтуяад энэ л үгүй бол зуны зөөлөн салхи хүртэл хаврын хатуу хавсарга мэт болсон ба одоо үүнгүйгээр энэ амьдрал ямар ч утга үгүй.

–        “Чи нарны малгайгаа мартчихсан, наршчихвал яана!” гэж Чинбат гүйсээр, инээсээр нүдийг нь ажвал мишээсээр ирлээ.

Гэрэлтуяа ч хэвлийгээ тэврээд аав нь ирлээ дээ гэж амандаа шивнээд хүн болж байгаа тэр л бяцхан амьтанд сэтгэл хөдлөл, бодол санаа хаана юу илэрхийлж болох бүх л хайрыг тийш нь урсгана. Хариуд нь хэвлий дэх үр сэтгэлдээ ээжийгээ зураглаж, аавыгаа мөрөөсөх зэрэгцэнэ. Тийм л гэрэлтэй, тэнгэрээс заяасан хайрын ураг энд бий болж байгаа нь тэр. Чингэхээр л эх хүн үртэйгээ эд эсээс илүү холбоотой мөнөөх нүдэнд үл үзэгдэх ч, цээжин зүрхэнд байдаг, төрсний дараа ч насан туршийн нэхэн дагах хүйн холбоог хоорондоо тогтооно. “Үр минь” хэмээх нь эхийн өнөөх хүйн холбооноос л гарна.

Ой дотор хэсэг алхалсанаа Чинбат гэрээс авчирсан том орны бүтээлгээ дэвсээд, халуун савтай цайгаа таглаанд нь аягалж Гэрэлтуяад өглөө. Гэрэлтуяа цайг ойчин ууснаа Чинбатруу инээмсэглэлээ. Чинбат аядуу гэмээнэ Гэрэлтуяаг тэвэрлээ. Ийн хэсэг байснаа хамт ой дотор унтаад өгөв. Ой дотор хайрт хүнээ тэврээд унтах шиг жаргал хаана байх билээ.

Цаг хэрээтэй зүүрмэглэсэн хоёр сэрээд ой доторхи гоо сайхныг бие сэтгэлээрээ мэдрэн ярилцана.

–        “Энд хотоос дээр байгаа биз дээ?”

–        “Аав ээжээс чинь санаа зовоод ирж болохгүй гэж санагдаад…”

–        “Тэр яах вэ… Ирчихсэн л байна шүү дээ.”

–        “Харин тийм дээ. Өчигдөр ирээд итгэхгүй л байлаа. Ийм өвөө эмээтэй болдог азтай үр юм даа энэ минь.”

–        “Би хэлсэн л дээ. Чамайг хүүхдээ төрүүлчихээд ирэх өвлөөс сургуулиа төгсчихөж болох байх гэж. Тэгсэн хүүхэд харах нь байна гээд өчнөөн баяр болж байналээ. Би ч нэг сэтгэл амарсан.”

–        “Тэгээд болдог болов уу?”

–        “Бололгүй яахав дээ. Би ажлаа хийгээд чи сургуулиа төгсчих. Сувилагч болоод ажлаа хийгээд ирэхээр энэ бүхэн мартагдана.”

–        “Тэгэхдээ л би чамайг…”

–        “Зүгээр дээ. Хоёулаа сайхан амьдарна аа. Охин минь том болно. Дараа нь дүүтэй болно. Чи бид хоёр ч ажил төрлөө, ар гэрээ зохицуулаад аав ээжийн хэлж байгаагаар манай хэдэн ах нартай нийлж газар дээр нь хамтраад ногоо тарья. Амьдрал болно доо. Чи минь биеэ л бод.”

Ярилцаж, ярилцаж Гэрэлтуяаг тэврээд хоёул хэсэг гэрийн зүг алхаллаа. Тийн хөтлөлцөн алхаж байхад Гэрэлтуяа гэнэт:

–        “Чиний хүүхэд биш гэдгийг мэдвэл яах юм бэ? Үнэнийг мэдвэл яах юм бэ? Би яах юм бэ? гээд Чинбатын чихэнд шивнэх нь тэр.

Гэрэлтуяаг чимээгүй сэтгэл дотроо хашгиран уйлахад Чинбат:

–        “За нааш ир. Энэ нарыг хар аа. Тэр нарыг хараарай. Нар жаргаж байна. Гэхдээ хоёулан дээр нь гялбаж байна ш дээ.”

–        “…….”

–        “Чамайг орхиод хүүхдээ голсон ч… би чамайг” гээд хамгийн чангаар тэвэрлээ.

Орой болоход хос хоёр гэртээ очоод дүүрнээр мишээлээ. Нар жаргахдаа хүртэл гялбадаг алсын хэрнээ зүрхний наран гялбаа болой.

Н.Эрдэнэ-Очир

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s