Содон эмэгтэй

Билгээ энэ мөчийг ихэд хүлээжээ. Өглөө босохдоо ч бодсоор, хүлээсээр үдэш амрахдаа ч бодсоор хүлээсээр. Энэ хоорондуур Билгээ шөнө унтсан болов уу? Үгүй л болов уу. Тэгэхээр өдөржингөө, шөнөжингөө хүлээсэн байна.

Хүлээсэн хүлээлт гээч нь саяхан эдний гэрийн хажууд нээгдсэн өндөр барилгад байгаа. Тэрхүү шил толь гийсэн сайхан барилгын хажуугаар өглөө 7.40-55 минутын хооронд үл таних эгчмэд бүсгүй өнгөрнө. Бүсгүйн эгчмэд гээчийг дуудахуйд бүсгүйг өглөө болгон хардаг Билгээгийн насыг дуудвал зөв буюу. Билгээ арван дөрөвтэй. Тийм бишсэн бол эгчмэд байх нь хэнд хамаатай, тийм үү?

Үл таних эмэгтэй үнэхээр содон. Гэхдээ царай нь гэрэлтэж, зүүдэнд уярдаг гэж хэлж болохгүй. Тэгж хэлвэл дэндүү өрөөсгөл, хийсвэр, өнгөрсөн зууны санагдана. Гэвч тэр эгчмэд бүсгүй үнэхээр содон бүсгүй. Эмэгтэй хүн алхаж явахдаа хаялах биеийн хөдөлгөөн, харах харц, сэтгэлд зураглагдам уян, юу ч гэмээр нь мэдэгдэхгүй хэрнээ гойд тааламж хайрлах царай төрх бүгдээрээ содон эгчмэд бүсгүйд шингээстэй. Эдэн дундаас уншигч танд л гэвэл Билгээгийн харц содон бүсгүйн гоо бүхий гэзэг юу, түүний цаана цухуйн ядах, салхиар эмжигдэх үзэмж төгс хүзүүн дээр тусдаг гэдгийг тодотгоё. Тэр л ялдам хүзүүг харахын тулд өглөө эртлэн босох, шөнөдөө нойргүй хонох нь юу ч биш юм.

Харамсалтай нь намар орой цаг гэртээ харьж сэрүүн бус, хүйтэн салхи сэвэлзэж, өвлийн жавар ойртсон тул содон бүсгүй хонгор хүзүүгээ ороолтоор хамгаалах болжээ. Харин энэхүү цаг агаарын өөрчлөлт Билгээд ерөөсөө ч нөлөөлсөнгүй. Өглөө бүр цагийн урсгалыг сөрөөд зүгээр л нөгөө эгчмэд сэтгэлийг тольдох учраар гүйсэн хэвээр. Хичээл сургууль аль хэдийнээ нөгөө ертөнцөд заларчээ.

Гурван сар, бараг бүтэн улирал шахуу ухаан жолоогүй өөр болсон, өөрчлөгдсөн Билгээг хараад аав нь мэл гайхна. Гэрт нь үзэгддэг Билгээгийн хэдэн найзууд аяар, аяар багасч, төрсөн хүү нь танигдахгүй болсонд ийнхүү гайхавч юу хэлэхээ мэдсэнгүй. Юу ч хэлэх билээ. Билгээгийн аав цаанаасаа л ийм дуугай, сайнаар хэлбэл гүндүүгүй нэгэн. Гүндүүгүй юм чинь юм хэлж яаж чадна. Ээжид нь ч, эгчид нь ч юу ч хэлсэнгүй, тэдний юу бодож, юу ажиглаж байгааг ч мөн бодсонгүй.

Тэгсээр хүлээсэн өдөр болох зэрэгцэв. Баасан гаригийн орой цонхоор бүсгүй ажлаасаа тараад харьж байгааг Билгээ харжээ. Гэрээсээ гараад дагамаар байсан ч нэгэнтээ явчихаж буй нь хэнд ч ил. Ингээд удаан үргэлжлэх хоёр амралтын өдөр эхэллээ.

Өдрүүд, сарууд үргэлжлэн өнгөрсөөр содон эгчмэд бүсгүй түүний амьдралд орж ирсээр бас чиг удлаа. Уг нь ч энэ өндөр байшинг барих гурван жилийн хугацаанд энэ хавийн бүх л айл уураа тэвчээртэйгээ тулгасан юм. Өглөө бүхэн ажиллаж эхлэх хөдөлгүүрийн дуу, залхмаар чимээ яасан ч гэсэн үгүй болжээ. Энэхүү тэвчээрийг хаа нэгтэйгээс шагнасан мэт мөн л хаа нэгтэйгээс энэ содон бүсгүйг түүнд үүний тул илгээсэн мэт. Сэтгэлд харамлах хар төрнө. Нандигнах нь бас ч гэж учиртай. Амьдрал ямар олон өнгийн солонго билээ дээ. Тэр олон өнгөөс хамгийн үзэсгэлэнтэй нь дөнгөж амьдралыг амсаж буй Билгээд хүрээд иржээ. Хаа нэгтэйгээс л ирж.

Ийм зүйл хөрвөх зуур энэхүү хаа нэгтэйгээс ирсэн эмэгтэйтэй ярилцаж үзэх, уулзаж нэг үзэх, ядахнаа мэндлэх, юу эс хийх, чухам л харахаас өөрөөр харилцах халуун хүсэл хаа нэгтэйгээс хүрээд ирэв. Харахаас өөрөөр.

Энэ зуур Билгээ гэрийнхнээсээ нуугдан байж хөнжлөөрөө нүүрээ бүтээгээд шөнө дундад зөвхөн түүнийг бодон хэвтэнэ. Тэр бүсгүйн зуны нэгэн өдөр өмссөн улаан хэрнээ цагаанаар судалдсан гоёмсог цамц, үсээ хавчсан хэрнээ салхинд болон алхаанд нь хөдөлж харагдах гоолин сэвлэг, янзага мэт хүзүү, багахан хэрнээ машид будсан мэт түүний хэрэглэдэг гоо энгэсэг гээд бүгдийг нь бодлоо. Энэ бүхнийг бодсон мөчөөс аваад зүүд зэрэглээ тэр чигээрээ хийсвэр, өнгөрсөн зууны болоод ирлээ. Гэнэт; одоо л болсон байна. Маргааш ажилдаа ирэхэд нь хэдэн үг солихоос, гэснээ Билгээ өөртэйгөө ганцаараа ярьж эхлэв.

–        Тэгээд би хэн гэх вэ?

–        Нээрээ хэн гэх вэ?

–        Би яг яасан юм бэ?

–        Мэдэхгүй чи яг яачихсан юм бэ? Билгээ?!

Хүлээсэн мөч гэхэд Билгээ яг юу хийхээ ерөөсөө мэдсэнгүй. “-Олон хоног харсан, дагасан, зүүдлэсэн хэрнээ яахаа мэдэхгүй яадаг толгой билээ.” гэж бодох. Тэгснээ цаас, харандаа гаргаад шөнийн 3 цаг 31 минутад:

“ Сайн байна уу? Миний нэрийг мэдэх гэсний хэрэггүй байхаа. Би таныг хамгийн хөөрхөн эмэгтэй гэж боддог. Тантай уулзмаар байвч уулзаагүй нь дээр гэж бодлоо. Надтай мэндэлмээр байвал үүнийг уншаад ороолтоо тайлаарай.  Баяртай.”

гэж бичээд унтаад өглөө. Энэ удаа харин нам гэгч нь унтлаа. Ширхэг зүүдний ч өр байсангүй.

Маргааш өглөө нь Билгээ тэр хавийнхаа нэг балчир хүүхдийг олоод юу хийхийг нь зааварчиллаа. Тэр хүү сүү авахаар явж байсан уу, эсвэл яасан бүү мэд. Нөгөө хүү ч насаар хэд ах Билгээгийн даалгаврыг ёсчлон биелүүлээд яваад өглөө.

Билгээ холоос эгчмэд эмэгтэйг харан зогслоо. Ороолтоо тайлаасай гэж л тэр. Тэр нь л хэдэн мянган үг сольсноос илүү дээр гэж санасных.

Зурвасыг унших хэдхэн хоромын дараа содон бүсгүй инээмсэглэлээ. Тэр инээмсэглэл ямар сайхан байсан гэж санана! Юугаар ч хэлшгүй сайхан инээмсэглэл. Хиргүй, буртаггүй, гэгээн инээмсэглэл. Бүх л шөнөжин, өдөржин хүлээж байсан инээмсэглэл. Хонгор хүзүүгээ ил гарган шаргал ороолтоо гартаа тэвэрсэн тийм инээмсэглэл.

Ийм зүйл болоход нас ерөөсөө хамаагүй аж. Содон бүсгүй Билгээг ийм, тийм гэж мэдээгүй зүгээр л өөрийх нь араас олноороо гүйх залуусын нэг гэж санасан биз. Тийм байсан нь ч сайн биз. Тэр олон харчуулаас ганцаараа тийм сайхан инээмсэглэл төрүүлэх санаа гаргасан учраас ийм зүйл болсон ч биз.

Тэгэхдээ л ийм зүйл болоход нас ямар ч хамаа алга. Тийм болохоор л ертөнц үргэлж залуугаараа байдаг байх.

Н.Эрдэнэ-Очир

Advertisements

2 thoughts on “Содон эмэгтэй

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s