Шөнийн чимээ

Шөнийн чимээ – Н.Эрдэнэ-Очир

Гудамжаар би алхан харьж байна. Гэртээ харих энэ танил зам унаа тэргээр зорьсон ч, цаг зав гарвал алхсан ч машид ихээр дотно дүртэй. Тэр дүр зургийг би хэрэв зураач байсан бол зурахсан. Даанч надад тийм авьяас заяагаагүй хойно, ингэж харж л, танил дотно гээд буй байдлыг нь ажиж л таалахаас. Зураач хүмүүст би атаархдаг болохоо одоо л ухаарч байна. Бодит амьдрал дээр буй санаа сэтгэлийн гүнд тун бодь хэлхэгдсэн цаад орон зайг гараа ашиглан цас эсвэл түүнтэй ижил төрлийн биет дээр буулгана гэдэг бол цэвэр урлаг. Дээрээс заяагдах ховор билэг. Цаглашгүй тийм авьяас заримдаа нүдээ эс олдогт би энүүхэндээ шүүмжлэлтэй ханддаг.

Надад нэг танил бий. Би урлагт тэр дундаа дүрслэх урлагт учиргүй сэтгэлтэй учир танилтайгаа харилцаа нөхөрлөлөө бэхжүүлэхээр нэлээд оролдовч архинаас цааш нэг их явсангүй удаж байна. Энэ нийгмийн ёс гэх үү, ус гэх үү архи гэгч эд тэр танилыг минь зовоон, их авьяас, эрүүл саруул ухааныг нь залгичахаад буй. Нөгөө атаархал төрдөг авьяас ч удахгүй газар дор нойрсох биз.

–          “Уламбаяр аа! Би…би ер нь дахиж эмэгтэй хүн энэ тэр зурах…гүй.”

–          “Айн?”

–          “Дэмий гэж байна. Эмэгтэй хүнийг…”

Юунд болж ингэж хэлсэнийг үл асуусан ч гэлээ танил минь харин хэн нэгэнтэй танилцсан байх нь. Тэгээд яасан юм бол доо гэж бодох гэснээ үл ялиг ханхлах үмхий үнэрээс дотор муухайрч, өөдөөс минь хараад мансууран суух архичинд шал дургүй хүрч:

–          “Муу архичин минь, дахиж битгий ажил дээр ирж хүний нэр идээд бай. Чи урлагийн авьяас гэдэг онгод энэ тэрээ цаанаасаа тээдэг гэсэн, худалч минь, чамтай ярих ямар ч хэрэг алга!” гэж дотроо уурсаад  энэ бүхнээ хэлэх гэсэн авч чадсангүй, чимээгүй суусаар нэг цаг боллоо.

Би түүнийг унаанд суулгаж өглөө. Ашгүй их сайн жолооч тааралдаж надаас мөнгө төгрөг нэхсэнгүй согтуу зураач залууг аваад явлаа. Сайн хүн байна даа гэж бодох гэснээ, нээрээ тэр архичин толгойд мөнгө байхгүй гэдгийг санах нь тэр. Ээж нь хөөрхий өгөх байхдаа гэж өөрийгөө тайвшруулаад, жолооч сайндаа биш гэнэн хонгортоо намайг зүгээр өнгөрөөсөнийг ойлгох нь тэр. Дэмий ч байж уу гэж дахин бодсоноо, аль согтуу толгойг ингэж тэтгэж явах билээ дээ гэж өөрийгөө зөвтгөлөө. Өөрөөр хэлбэл тэр хүн миний хувьд хэн ч биш, би ч шүдээ зуусан хүн чоно болж байгаагийн шинж. Үүнйигээ ч тайлж эхлэв бололтой би. Дараагаар нь би өнөө оройн хайран сайхан 2 цагийг дэмий архичиний дэргэд өнгөрөөсөн болохоо ойлгож ингэснээр энэ нөхөртэй дахин уулзалдалгүй, харилцаа холбоогоо нэг мөр таслаж цааш явсан нь дээр гэж саналаа.

Гэвч ийм хүнтэй уулзалдаж байдаг, би ч гэж нэг таарсан амьтан болж дээ гэж бодох шиг. Эсвэл би сайн сайхан байхад тэр муу муухай тул бид хоёрын цаад төрх чанар зөрчилдөөд байгаа хэрэг үү? Чингэж би өөрийгөө хамгаалж болох. Байгалиасаа л хүн өөрөө өөрийгөө өмгөөлдөг, шүүмж сонсоод хүлээж авах нь байтугай, чихэндээ хүргэх ч тэвчээр байдаггүй хойно доо. Тэгээд л өөрийгөө зөвтгөсөн байх. Заримдаа би ийм дэмий юм юунд бодож толгой тархиа ядраадаг билээ гэж бас бодох. Бодсон, бодоогүй ч яг л адил миний амьдралд нэг л зүйл дутаад байна.

Би танилаа орхиод, уурласан уураа, тэрхүү уушийн газрын (Pub) бөгчим орчин, тамхиний утаатай цуг мартаад, гэрийн зүг алхаж яваа нь л энэ. Одоо мартах шат өнгөрч, тайвширах үе эхэллээ. Хэвийн цагт бол би орой 7.00 гэж тараад оройн намуухан хэмнэлд энэ тэрийг бодон гэрийнхээ энэ замаар алхдаг. Тэгэх ч дуртай. Харин өнөө орой 9 өнгөрөөгөөд харьж байгаа минь энэ. Гэртээ яарах сэтгэл, гэрийнхээ замд хоргодон үлдэж сэтгэлээ уудлах хэрэгцээхэн л байсныг дөнгөж сая ойлгож эхэллээ.

Юмсыг ойлгож мэдэх ч яах вэ, чухам би гэдэг хэн бэ? Ийм асуултыг би энэ олон жилийн түмэн бодлын дунд яагаад ойлгоoгүй хэрэг вэ? Тэгээд өнөөдөр л шөнийн бодол дотроо тунгааж байгаа хэрэг үү? Яаж ч сэтгэсэн тийм л хэрэг.

Миний тухай асуулт ингээд гараад ирлээ. Би зураач танилаа архичин гэж чангаар уурссан хэрнээ өөрийгөө хэн гэдгийг одоо болтол ойлгоогүй хэрэг байжээ. Надад өөрийн минь тухай олон олон бодол, шүүмж, магтаал, тодорхойлолт байгаа. Харин аль нь ч миний талаар бүрэн ойлголт өгч, ядаж “Архичин” гэсэн шиг нэг тодорхойлолт эс байгаа нь чамлалттай билээ. Тэгээд би энэ талаар нэгдсэн нэг л ойлголттой болмоор санагдаж байна. Тэр нь юу ч бай хамаа алга, зүгээр л байгаагаараа л байг.

Хүүхэд байхдаа би өөрийгөө их л цайлган сэтгэлтэй, тусч, даруу, цэвэрч, нийтэч хэмээн боддог байж билээ. Хэн ч хаанаас нь ч харсан би гэдэг өрөөлийг их л хайрлаж, халамжилж, байгаа өөрт оногдсон юм юу л байна хувааж байхыг хичээдэг байсан нь бодогдоно. Би найзуудтайгаа гадуур их л тоглож хөгжилддөг байсансан.

Өнгөрсөн тэр цаг мөчөө бодох зуураа би анх яаж тамхи татаж, архи ууж байсан хоёроо бодлоо. Батболд гэж манай энэ хавьд байсан найз маань байлаа. Сүүлд нь нүүгээд холбоо тасарсан тул би түүнийг одоо хаана, юу хийж яваа талаар ойлголт ерөөсөө алга. Ямар ч байсан одоо надад Батболдоос тамхи татахаараа маягтай гэгч нь утаагаа хамраараа гаргадаг, гаргасан хойноо шүүрс алдаад хэсэгхэн зуур эрүүл бус маягаар инээдэг тэр хачирхалтай гэмээр дүр зураг л үлджээ. Тэгээд сүүлд нь би Батболдын гэрт ирсэн хамаатан садан болтой хоёр хүүтэй цуг цагаан архи ууж үзэж билээ. Архи харин тамхинаас өөр байлаа. Би нэг балгаж ч чадаагүй ханиаж хахаад үхэхээ шахсансан. Түүнээс хойш шар айраг мэт л уудаг болсон уу гэхээс цаган архи, түүнээс цааш нь миний ажил биш болсонсон.

Бодоод үзэхээр би ерөөсөө хүмүүстэй хамт архи ууж, согтож, нэг тийм ухаанаа барсан зүйл хийж яваагүй ажээ. Бахархал төрөх шиг. Би хүний архи уухыг харж, ам хамхилгүй ярихыг нь төлбөртэй сэтгэл зүйч шиг сонсдог уу гэхээс өөрөө ууж дарьвиж, яль шаль гэсэн нэг ч удаа байгаагүй болой. Батболд надад зөв цагт нь архи уулгаж. Тэгээгүй би сүүлд нь сургууль соёлд ороод уусан бол архины найз болох байсныг ч үгүйсгэхгүй. Ингэж харвал Батболд миний жинхэнэ найз ч юм шиг. Үгүй байлаа ч тэр надад тун чиг тус болж дээ.

Дахин хэсэг бодол хийлснээ би гэрийнхээ гадаа нэгэнт ирчихсэн байгаагаа олж харлаа. Юм бодох, тэр тусмаа өөрөө өөрийнхөө тухай бодох үед цаг ямар хурдан гэгч нь өнгөрнөм бэ?

Миний хажуугаар огт үл таних, өндөр өсгийтэй гутал өмссөн нэгэн бүсгүй алхана. Би сайн ажаагүй өнгөрөөж байгаа гэлээ ч Одонтуяатай хэчнээн адилхан юм бэ? гэж дотроо асар ихээр гайхлаа. Бас Одонтуяаг маш ихээр саналаа. Одонтуяа гэгч нь хэн билээ гэхүйд миний анхны хайр гэж хэлэхүй. Тэр яг л энэ сайхан бүсгүй шиг, ганхан явдаг байсансан. Энэ завсарт Одноо хаа нэгтээ зүрхэнд , сэтгэлд, тархинд бүр мэлмийд минь одоо хүртэл байгаа мэт санагдана.

Бид оюутан болоод удаагүй танилцсан төдийгүй, тэр жилийн “Шинэ жил”-ийн баяраар хамгийн анх үнсэлцэж билээ. Би Одноогийн гарыг атгахад тэр хүнтэй л насан турш, амьд явах мөч бүртээ хамт байх ёстой гэдгээ ойлгодог байлаа. Одноогийн нүд, уян зөөлөн арьс, гунхан алхдаг хоёр хөл, наалинхай хоолой, тэгээд түүний надад тэврүүлдэг гоо аль бие. Одноог үнэхээр их санаж байгаагаа мэдрэвч би яалтай.

Одноо тэгээд удалгүй яваад өгсөн дөө. Би хойноос нь тэр явсан газарлуу нь явах гээд чадаагүй, ажил амьдрал ч тэр явдалд зөрчилдөн нэг мэдэхнээ бидний дөрвөн намар, дөрвөн хавар амьдарсан, өсөж өндийсөн эмзэг холбоо бүдгэрч, эргэх холбоо нь багасан, багасан, тасарсаар дурсамж болсон билээ. Тэгээд л нэг өдөр түүнийг нэг харь залуутай гэр бүл болсныг нь сонсоод яагаад ч юм Одноо надаас урвасан ч юм шиг, би асар их үнэтэй юмаа хаячихсан ч юм шиг болж нэг хэсэгтээ л нөгөө Одноодоо гомдсон билээ. Тэгээд л саяны өнгөрөн оддог эмэгтэй хараад Одноод зориулсан гашуудал, тэшгүй их санасан сэтгэл хөдөлсөн хэрэг.

Гэвч Одонтуяа миний амьдарлаас үгүй болжээ. Тэгэхээр би хэн бэ? Одноог хүсэн мөрөөдөгч үү? Одноог хэзээ ч ирэхгүйг нь мэдэх хэрнээ, түүгээр цангаж, тэр сэтгэлээ түүнд гомдсон гомдлоороо тайлагч нэгэн үү? Би хэн юм бэ?

Үүнийг бодох зуур шөнийн одод хөшгөө нээж, бүрэн  хэмжээний үзэсгэлэн гоогоо нээж байх агшин Уламбаярын нүдэнд үзэгдлээ. Тэр л будаг чимэгт хүн бүхэн амарч, налгар намрын аядуу дуу, чимээгүй салхи, уйтай гэхүй төрхөөрөө сэтгэл эзэмдээд, үүгээр зогсохгүй алив ямар нэгэн зүйлийг улам бүр тодоор мэдрэх тийм мэдрэмжийг хүнд оноодог аж. Хүн бол мэдрэмжээр хөтлөгддөг, тэрхүү мэдрэмжиндээ эзэмдүүлэхүүрээ боол нь болтлоо дорд болдог сул дорой нэгэн. Гэхдээ тэр мэдрэмжүүд заримдаа орчлонд ганцхан олдох мөртөө хангалуун, тэнгүй тийм их сэтгэлийн аясыг хөглөх, жаргалаар хөтлөх, гэрлийн хурдаар тархинд харвах аз жаргал гээчийг өгдөг байж ч болох.

Шөнийн чимээ алгуур Уламбарыг хөтлөнө. Хайр түүнд хэрэгтэй байгаа гэж үү? Түүнийг л, жинхэнэ тийм л хайр Одноод гомдсон сэтгэлийг эдгээж гуч хүрсэн түүнд  аз жаргал бэлэглэнэ гэж үү? Магадгүй шөнийн чимээ үүнийг л хэлэх гэж, түүнийг л шивнэх гэж эд бүгдийг өгүүлсэн байх. Өгүүлэх нь ийм л учиртай байж.

2011 оны 9 дүгээр сар 17

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s