Аймшигт 9/11

АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Ж.В.Буш “Үндэсний газар зүйн нийгэмлэг”-ийн сувгаар ярьж байна. Аймшигт 2001 оны 9-р сарын 11-ний тухайд, мөн тэр үед түүнд хувь хүн талаасаа ямар байсан эсэх талаар асуултуудад чин сэтгэлийн, үнэн ярилцлага өгчээ. Тэрээр “Хэн, ямар муу муухай нь Америкт ингэж халдлага хийдэг билээ? хэмээн уурсан бодсон” гэж түүний туслах хамгийн түрүүнд энэхүү эмгэнэлт мэдээг дуулгахад төрсөн сэтгэгдлээ хуваалцжээ. Нээрээ, хэн, ямар ад зэтгэр нь ийм аймшигтай юм сэддэг билээ.

АНУ-аас ирсэн Нью Иорк хотын тухай зурагт сэтгүүл надад байлаа. Тэр сэтгүүлийн зургуудыг үзэж харж, биширч, Америк ардчилсан амьдарлыг ихээхэн шагширч байснаа санаж байна. Тайван цэмцгэр гудамжууд, хотынх нь төвд байх төв ногоон байгууламж гээд л. Энэ дундаас миний сэтгэлд хамгийн их тодорч, мөнхөрч үлдсэн нь алдарт “Ихэр хоёр цамхаг”  байсан юм. Үнэхээр сүрдэм тийм сайхан байгууламж Манхеттан дүүргийнхээ танилцуулга, нэрийн хуудас болсон төдийгүй Америкийн сүр жавхааг илтгэж байгаа нь харагддаг байлаа. Тэр бол алдарт архитектор, загвар зохион бүтээгч Минору Яамасакигийн 1970-аад оны эхэн үед бүтээгдсэн “Дэлхийн худалдааны төв” гэсэн сүрт байгууламж юм. Энэхүү сүрт хоёр өндөр бол тухайн үедээ богинохон ч гэсэн дэлхийн хамгийн өндөр байгууламж хэмээн цоллогддог байжээ. Олон сая хүнтэй дэлхийн аварга хотуудын нэг болох Нью Иоркийг, тэнд амьдарч, ажилладаг Нью Иоркчуудыг энэ хоёр цамхаг өглөө бүр угтаж, үдэш бүр үддэг байсан цаг саяхан. Хүн бүр, энэ хоёр цамхагт маш их хайртай байсан ба хожимоо “Гэртээ ганцаараа 2” хэмээх гэр бүлийн инээдмийн уран сайхны кинонд гол дүрийн хүү энэ цамхагийн орой дээр гараад, ямар нэгэн бахархалт зүйл мэдэрч байгаа нь үүнийг Америк хүн хэрхэн, ямар хэмжээгээр бахархан хайрладаг байсныг гэрчилнэ.

Аймшигт 9/11

Дээрх зураг дээр өглөөний 5.45 минутад Портландын олон улсын нисэх буудалд болсон нэгэн үйл явдал харагдаж байна. Абдулазиз ал Омари болон Мухаммед Атта нар өөрсдийн хүмүүн болсон амьдарлаа мөн л өөрсдийн ухамсартай бөгөөд бие даасан шийдвэрээр хөнөөхөөр амьдарлынхаа сүүлийн аялалд гарах гэж байгаа нь энэ. Америкийн агаарын тээврийн компани- 11 дугаартай аялал. Эд бол удахгүй барьцаалагдах гэж байгаа 4 нислэгийн “Хоёр цамхаг”-рүү зүглэх онгоцыг барьцаалах этгээдүүд ба тодруулбал 9-р сарын 11-ний хэргийг үйлдсэн 19 алан хядагчдын нэг хэсэг.

                Чингээд сайтар бэлтгэсэн 19 Аль Кайдачууд Америкийн иргэний агаарын тээврийн онгоцуудыг агаарт хүч хэрэглэн барьцаалж эхэллээ. Тэдний эхнийх нь Нью Иоркд байрлах “Дэлхийн худалдааны төв”-рүү чиглэн айсуй. Хамгийн эхлээд хойд цамхагруу дайрахыг тэд сонгосон. Энэ бол өглөөний 8.46.40 секунд. Боинг-767 гэх аварга онгоц, тийм гайхамшигтай цамхгийг эгшин зуур утаа тортог, дэлбэрэлт, алан хядлага болгож хаялаа. Гарсан чимээ шуугиан, хүмүүсийн айдас, юу болоод байгаа нь үл мэдэгдэх эмх замбараагүй байдал, өглөөний Нью Иорк.

Энэ зуур агаарын тээврийн 93, 77 дугаартай онгоцууд ээлж дараалан хүйс тэмтрэхээр гэтэж яваа Пентагон, мөн одоо болтол тодорхойгүй байгаа байнуудруугаа дөхөж явлаа. Онгоцон дотор ямар их аймшиг, харамсал байсныг төсөөлөхөд ч бэрх. Хүүхдүүдрүүгээ яарч яваа эцэг эх, хайртай хань ижил, найз нөхөдрүүгээ очих гэсэн энгийн номхон, гэм зэмгүй тийм л иргэд тэр онгоцон дотор санаандгүй ёсолсон үхлийн элч нартай байж байсан хэрэг. Зарим нэг таамгаар бол 77 дугаартай онгоц “Цагаан ордон”-луу онилж байсан гэх. Үнэн ээсэх нь батлагдахгүй ч санаан дотор өөр ямар нэгэн байгууламж орж ирэхэд хэцүү. “Пентагон”, “Ихэр цамхаг” гээд дандаа л Америк болон дэлхийн олон хүн ардын амь амьдралтай холбоотой цэгүүд.

Удалгүй 9.03.11 секунд болох тэрхэн мөчид дараагийн аймшиг болох нь тэр. Мэдээллийн олон хэрэгсэл ямар нэгэн дайн болоод байгаа эсэх, эсвэл хэн нэгэн нисгэгчийн алдаатай нислэг, аль эсвэл техникийн аливаа доголдол ер юу болоод байгааг мэдсэнгүй, ямар ч байсан хүн бүрт айдас хүйдэс, бухимдал, санаа зоволт, сэтгэлийн хүнд зовлон байгаа нь илт. Ингээд өмнөд зүгт байрлах нөгөө ихэр цамхагруу хэн ч харсан санаатай бөгөөд чөтгөрийн алан хядлага Боинг-767 онгоц цамхгийн 77-оос 85-р давхар хүртэл хутгаар зүсч буй мэт нэвт нэвтэрч нилэнхүй тэсрэлт, дэлбэрэлт, аллага бий боллоо. Одоо юу болоод байгаа нь хэнд ч ойлгомжтой. Энэ бол муу ёрын алан хядлага. Энгийн номхон иргэд, тайван ардчилсан амьдарлыг бусниулсан хэн нэгэн балмад этгээдийн хийсэн лай ланчиг.

                Удалгүй Флорида мужид хүүхдүүдэд хичээл зааж байсан ерөнхийлөгчид энэ аймшигт мэдээ хүрлээ. Царай нь хувьс хийсэн боловч тэнд байсан тэдгээр бяцхан үрсийн амар тайвныг эвдэхийг хүссэнгүй хичээлийг дуустал нь үргэлжлүүллээ. Тэнд байсан бүх л албан хаагчид гар утсаараа янз бүрийн дуудлага хүлээн авч байсан ажээ. Одоо бол улс орон даяар энэ үйл явдал яаж эргэх, хэрхэх талаар чимээгүй, айдастай, энэрэл эрсэн хүлээлт бий болоод байгаа нь энэ. Хүн бүр сандарч байгаа нь тодорхой. Америк даяараа эмгэнэн гашуудаж байгаа нь энэ.

                9.58-с 10.28 минут хүртэл Нью Иорк дахь ихэр хоёр цамхаг ээлж дараалан уналаа. Зохион бүтээсэн эздийн олон арван жилийн хөдөлмөр тус бүр 10-хан секунд зарцуулж газартай тэгшлэгдэж тэнд байсан 2500 гаруй хүн эгшин зуур алан хядлагын золиос болох нь тэр.

                Өдрийн 12.30 минутанд АНУ-ын түүхэнд анх удаагаа агаарын бүх үйл явц, нислэг зэргийг хаах шийдвэр гарлаа. Энэ нь бас анхны бөгөөд сүүлийнх байгаасай гэж найдаж байна. Ингэснээр АНУ 1941 оны “Сувдан эрэг”-ийн дайралтаас хойш анх удаа томоохон хэмжээний халдлагад өртлөө.

10 жилийн дараа

10 жилийн дараа гэхэд их олон зүйл өөрчлөгджээ. Дэлхий улам бүр даяарчлагдаж, Афганистанд байсан Талибын засгийн газар үгүй болж, Иракт байсан Саддам Хуссейн түүхийн номон дээр л үлдлээ. Дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд 9/11-нд амь насаа алдсан, хохирол амссан, өнчирсөн, үр хүүхдээ алдсан гэх олон зуун хүмүүсийн талаар, тэдний амьдарлыг мөнхөд өөрчилсөн энэ үйл явдлын тухай одоогийн өнцгөөс ярилцаж байгааг дамжуулж байна. Тэр үед амиа алдсан иргэд, гал хамгаалагчид, цагдаа нар бүгд баатрууд байсныг түүх гэрчилнэ. Маш олон хүмүүс тэрхүү үйл явдлын дараа өөрсдийн бие сэтгэлээ харамгүй зориулан, сэргээн босгох, нурангинд дарагдсан хүмүүсийг аврах зэрэгт тусалсан билээ. Өдрийн халуунд тэрхүү олон мянган хүний цогцос аймшигтай муухай үнэртэж байсныг тэр хүмүүс гэрчлэн өөрсдийн сэтгэгдлээ үлдээжээ.

Аль Кайда энэхүү үйл явдлын дараа маш их нэр хүнд олно гэж төлөвлөж байсан биз ээ. Харин тэд ихээхэн эндүүрсэн агаад олон “Лал”-ын шашинтнууд үүний эсрэг байсан юм. Үнэхээр ямар ч энгийн хүний санаанд оромгүй тийм муухайг тэнд үйлдчихээд хэн нэгний нэр барьж, өөрсдийн хийсэн үйлээ зөвтгөж болно гэж үү?

Лалын шашинт маш олон хүмүүс энэ дэлхий дээр амьдарч, сурч, хөдөлмөрлөж, нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийгөө зориулж яваа. Үүнтэй мөн ялгаагүйгээр маш олон “Люмпен” зэрэглэлийн өөрсдийгөө жинхэнэ Мусульман гэж эндүүрдэг залуус хэдхэн “Ольгархи”-ийн гар хөл болж цээжиндээ тэсрэх бөмбөг хийгээд хайран насаа бусдын амиар золиосолж хорвоогоос явсаар буй. Тэд хэн бэ? Өнөөдөр хүртэл амьдрах гэж яваа хэрнээ 21-р зууны энэ нийгэмд буу үүрсээр, дайсан байхгүй энэ хорвоод дайн хийсээр яваа тэд эрүүл хүмүүс үү?

Энэ их буу зэвсэг, алан хядлагад ашиглах мөнгө санхүүгээр өөрсдийн амьдарлыг өөд нь татаж, улс орноо босгож чадахгүй, тэгүүлэхийг ч шинэ үедээ зөвшөөрөхгүй байгаа тэд нэг бодлын их өрөвдмөөр нөгөө талын асар их ухаан дутсан, хайрган амьдарлаар замнагчид ажээ. Юуны төлөө амиа золиосолж байлдана вэ?

АНУ, хуучин Зөвлөлтийн удирдагчидтай зөвлөлдөн НҮБ гээчийг бий болгосон. Тэд даян дэлхийн олон хүн ардын сайн сайхны төлөө тусламжийн будаанаас аваад өгч болох юу байна тэр бүгдийг өгдөг. Мэдээж НҮБ-д маш олон дутагдал, хөгжиж буй орнуудад өчнөөн олон асуудал бий. Гэхдээ л сайн зүйлийн төлөө л тэд байгаа билээ. Тэдний ихэнхи нь Япон, АНУ-н татвар төлөгчдийн мөнгө байдаг ба тэд нар уул нь энэ мөнгийг өгөх алба байхгүй л дээ. Олон оронд АНУ-н ард иргэдийн бүтээсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, тэдний киног үзэж амьдарч байна. Хариуд нь сайн санаж Талибан болон бусад тэр олон нэр нь үл мэдэгдэх алан хядагчдын хийж байгаа хариу нь их ойлгомжтой. Бөмбөг бариад элчин сайдын яамыг нь дэлбэлэх, аль эсвэл онгоц барьцаалаад татвар төлөгчдийн ажлын газрыг нь нураах. Ерөөсөө тэдний хийдэг юм нь нураах, дэлбэлэх, сөнөөх, хулгайлах, сүрдүүлэх тэгээд л болоо.

21-р зуунд хүмүүс бид хөдөлмөрлөж, ажиллаж, шинийг бүтээж, шинэ бүтээгдэхүүн гаргаж, ар гэрээ өөд нь татаж амьдардаг байхад заавал үүний эсрэг товойж бөмбөг тэслэх нь хэнд ашигтай вэ?

Хүний итгэл бишрэл, шашин шүтлэгийг доромжилж, түүний нэрээр хүн алж хүрээ талах нь хэний ухаан бэ?

Тэд бол Мусульманууд ерөөсөө биш. Тэд бол Люмпенчүүд.

Өнөөгийн дэлхий дээр олон шударга бус байдал, муу бүхэн бий. Гэхдээ үүнийг хүчирхийллийн аргаар шийдэх нь ямар ч дэвшилд хүргэхгүй. Олон олон Афган залуус, Иракчууд, араб иргэд хүн шиг амьдарч, эрх чөлөөтэй хөгжин дэвжихийг хүсэж байгаа. Тэдний замд хүчирхийлэгчид саад болсоор байна.

Хүчирхийлэл бол энэ дэлхийн хамгийн том дайсан. Бусад нь бол утга учраа, зам замаа олоод ямар нэгэн шийдэлд хүрэх буйзаа.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s